Даваа, 2024-11-25
“Намайг яллаад өгөөч”

Монгол Улсын Үндсэн хуульд “Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэж заасан байдаг ч яг амьдрал дээр бол энэн  шиг худлаа юм байхгүй. Ер нь бол Монголын хууль дээдэс хийгээд доодос, гэмт хэрэгтнүүд хийгээд хохирогчдод тун ялгавартай. Хууль ялгавартай ч юу байх вэ, түүнийг хэрэгжүүлэгч мөрдөгчид, прокурорууд, шүүгчид, хуульчид гэмт хэрэгтэн, төрийн өндөр албан тушаалтнууд, хөрөнгө чинээ бүхий хүмүүст яаж ийж байгаад хуулийн гарц гаргаж, тэднийг ялаас чөлөөлөх юм уу, хөнгөн шийтгүүлээд өнгөрөх бүхнийг өмнөөс нь хийчихнэ. Түүнийхээ шанг ч чамгүй хүртдэг нь олонд ил болсон зүйл. Хэдэн жилийн өмнө “Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар” гэж сэтгүүлчид бичиж, Ерөнхийлөгч цагдаагийнханд анхааруулж байсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс “Гартаа алтан бөгж гялалзуулсан хуульчдад иргэд итгэхгүй байна” гэж хэлсэн нь тэдэнд цохилт болсон болов уу. Манай хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүд ч хууль тэгш бус байхад их үүрэг гүйцэтгэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа, хэргийг хялбаршуулан шүүх, торгох ял гэх мэтээр тэдний гаргасан хууль авлигач, албан тушаалтнууд, гэмт хэрэгтнүүдэд  их “буян” болсон.

Тэгвэл манай хуульчид  жирийн иргэдийн толгой дээр төрийн төмөр нударгыг  дан хийтэл буулгахдаа гар нь чичрэхгүй. Нялх үрдээ ганц талх авч өгөх гээд 10-хан мянган төгрөг хулгайлсан эмэгтэйг засаршгүй гэмт хэрэгтэн гээд мөрдөгчид баривчилж, прокурорууд ял төлөвлөж, шүүгчид 10 жилээр хорих шийдвэр гаргаж байсан түүх бий. Ийм жишээ олныг дурдаж болно.

Өнөөдөр шударга бус хуульчдын тухай бичих гэсэнгүй. Эрх мэдэл, өндөр албан тушаал, танил тал, хөрөнгө чинээгээрээ далайлган хууль, шүүхийг юман чинээ тоодогүй хүмүүс ойрд шүүх, прокурор, мөрдөх байгууллагын хаалгаар дайрах нь холгүй чихэлдэж  байгаа гэнэ, цаана чинь. Зарлан дуудах хуудас өгөөд өгөөд ирдэггүй байсан тэд дуудаагүй байхад л өөрөө ирж, “Миний үйлдсэн хэрэг юу болж байна, намайг шийтгээд өгөөч, шүүх хурлаа бушуухан зарлаадхаач” гэх болжээ. Ийм цаг ирдэг л юм байна. Нэг өглөө л жигтэйхэн шударга, гэм буруугаа хүлээх нь зүйтэй юм байна гэсэн бодолтой сэрсэн гэвэл худлаа л даа.

Улс орныг аалзны тор мэт хэрсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг ард олны шаардлагаар чангаруулсантай холбоотойгоор тэд нойргүй хонож байгаа нь мэдээж. Хэзээ намайг баривчлах бол гэх айдас нь дийлж, зүрх нь дэлбэрэх шахаж яваа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд бие нь муудаж, эмчлүүлэх нэрээр гадагшаа зугтагсад ганц түүгээр зогсохгүй, ийм олон хүн нуугдах нүх сүв юу л байна түүнийг тэмтэрч, муурын саварт базуулсан огтоно шиг нүд нь бүлтэлзэж, амь нь тэмцэж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн асуудлаар “шүгэл үлээж” өөр дээрээ “пуужингийн гал” дуудаадхав. Улсаа сүйрүүлэх үү, журмын нөхдөө намнах уу гэсэн гэсэн хоёр сонголтоос тэрбээр сүүлчийнхийг нь сонгожээ. Ингэснээр УИХ, намдаа олон дайсантай болсон нь гарцаагүй. Улсынхаа хэдэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний нүүрс хулгайлсан гэгдээд байгаа хүмүүсийн эхний 17-г зарлахад ес нь МАН-ын, долоо нь УИХ-ын гишүүн байсан нь дээрхийг нотлох байх. Хууль зүйн сайдын өгсөн мэдээллээр бол нүүрсний хулгайтай холбоотойгоор 30 шахам хэрэг шалгаж, 50 гаруй хүн, албан тушаалтан одоогоор холбогдоод байгаа бололтой юм. Эдний нэрийг прокурор зөвшөөрвөл зарлах юм гэсэн.

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчилж, энд заасан гэмт хэрэгт ногдуулах ялыг чангаруулсан гэдгийг дээр дурдсан. Хуулийн энэ өөрчлөлт л авлигачид, албан тушаалтнуудыг айдаст автуулж, хууль хэрэгжиж эхлэх 10 хүрэхгүй хоногийн дотор үйлдсэн хэргээ шүүхээр шийдүүлээд авъя гэсэндээ өөрсдөө гүйж очоод байгаа нь тэр.

Хууль буцаж үйлчилдэггүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн хуулийг заалтыг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ард олны хилэн нэг хөдөлбөл яагаад ч зогсоож болдоггүй юм байна, юмыг яаж мэдэх вэ, хууль ямраар ч гараа билээ гэсэн айдас нь тэднийг өөрийн мэдэлгүй шүүх рүү  аваачсан нь лавтай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнтэй уулзахдаа “ Нүүрсний хулгайг илчилсэн манай Засгийн газарт хулгайчид, тэдний гар хөл бологсодын зүгээс ихээхэн бэрхшээл учруулж эхэлсэн” гэж дурдсан. Залуучуудын органик жагсаалыг өөрсдийн хулгайгаа халхавчлах хэрэгсэл болгон эргүүлэх, “шүгэл үлээсэн” Ерөнхий сайд, түүний танхимыг харлуулах, болж өгвөл унагаах гэсэн далд санаа, үйлдэл гарч байгааг олон нийт ч анхааруулах болсон. Зууны гэж нэрлэхэд ч багадах хулгай, луйврыг илчилж, өөр дээрээ “гал дуудсан” Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ард түмэн дэмжиж байгаа нь сүүлийн үеийн үйл явдлуудаас илт мэдрэгдэж байна. Авлигач, хулгайч нарт санаа байвч сачий нь хүрэхээсээ өнгөрсөн. Шударга ёсны төлөөх Засгийн газрын тэмцэлд ард түмэн нэгдээд байна. Ард түмэнтэйгээ байгаа цагт эмээх юун.


“Намайг яллаад өгөөч”
2022-12-23 08:31:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0