Даваа, 2024-11-25
АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхэд хуулийн зөрчилгүй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар тус намын даргаар Л.Гантөмөр сонгогдсон. Тус намын гишүүд өнөөдөр (2023.01.27) Улсын дээд шүүхэд түүнийг бүртгүүлэхээр холбогдох баримт бичгүүдийг өгч, дараах мэдээллийг хийлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Ардчилсан намын эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, намын даргаа шинэ намын дүрэмд нийцүүлэн сонгосон. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Нөгөө талдаа Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг уураг тархи болсон. Намын зохион байгуулалт, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхий бүхий байгууллага болсон. Энэ хүрээндээ намын төлөөлөгчид маань оролцоод, асуудлыг шийдсэн.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан намын ээлжит бус Үндэсний бодлогын хороо, ээлжит бус Их хурал хуралдан, Ардчилсан намын даргыг сонгон батламжилсан. Энэ хурлын шийдвэрээр тухайн ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийг шинэ намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх материалыг хүргэх ёстой” гэж заасан тул Улсын дээд шүүх дээр ирээд байна.

Ардчилсан намын гишүүд мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

"БИД АРДЧИЛЛЫГ АВРАХ ЁСТОЙ, ОЛОНХ БОЛСОН ЭРХ БАРИГЧДАД ХАЗААР ХЭРЭГТЭЙ БАЙНА"

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Ардчилсан намын дүрмийг зөрчиж, Л.Гантөмөрийг даргаар сонгосон нь хууль бус. Удахгүй Ардчилсан намын даргыг сонгох сонгууль зарлана” гэж мэдэгдсэн. Тэгэхээр яах вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:- Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага асуудлыг шийдэх гээд явж байна. Асуудлыг шийдэх гэхээр цаг хожих, бусниулах гэдэг. С.Эрдэнийн талаас ийм байдлаар ханддаг. Энэ нь хууль бус. Бид хуулийн дагуу төв байгууллагаас гаргаж өгсөн материалыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгөх гэж байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: –Хэн нэг хүн өөрийгөө дарга гэж бодоод, хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой, дотроо ойлголцоод явах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монголын төр дэх Ардчилсан намын төлөөлөл. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороо гэдэг бол нам талаасаа эрхий бүхий байгууллага. Энэ хоёр намынхаа ойлголцол, эвлэрэл дээр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Тийм учраас бид Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байгаа юм. Шүүх хараат бус байж, Ардчилсан намын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэж бодож байна.

Ардчилсан намын гишүүн Н.ТЭГШБАЯР: – УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намыг удирдаж ороод ялагдсан бол тэр намын дарга автоматаар огцорно гэсэн дүрэмтэй. С.Эрдэнэ бол нэг биш, хоёр удаа огцорсон, Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд. Ийм этгээд гарч ирээд, Ардчилсан намын эв нэгдлийг эсрэг юм хийж байгаа бол алсуураа улс орны хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөөтэй зүйл хийж байгаа юм.

Тэр хүн бол өмнө нь хүн амины хэрэгт холбогдож байсан эрүүгийн гэмт хэрэгтэй хүн. Ийм хүнийг Ардчилсан намд оруулаад, арав хорин жилийн дараа Монголын ардчилалд сөрөг зүйл авчирч байна. Бид ардчиллыг аврах ёстой, олонх болсон эрх баригчдад хазаар хэрэгтэй байна. Ардчилсан нам худал, хулгайтай тэмцэх хэрэгтэй байна. Манай намын олон мянган гишүүд, дэмжигчид жижиг эрх ашгийг болиод, улс орноо бодооч ээ гэж байгаа юм. С.Эрдэнэ бол дүрмээрээ хоёр удаа сонгуульд Ардчилсан намыг ялагдуулсан учраас Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй субъект.

-Хэрвээ Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг бүртгэхгүй бол та бүхэн яах вэ?

-Олонх нь ирээд, саналаа өгөөд, намын даргаар сонгосон, намын их хурал энэ хүнийг батламжилсан. Хууль гэж байдаг бол Улсын дээд шүүх бүртгэх ёстой. Улсын дээд шүүх бол намыг шүүдэг байгууллага биш, олонхиороо шийдээд ирсэн асуудлыг бүртгэх ёстой. Бүртгэхгүй бол Улсын дээд шүүхийн шүүгчид ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой. Шүүгч нар худал хуурмагаас хол байх ёстой.

Г.ХОРОЛ


АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхэд хуулийн зөрчилгүй
2023-01-27 13:28:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0