Даваа, 2024-11-25
Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө бол халамж биш

Хүүхдийн мөнгөнөөс болж, дээдсүүд толхилцож эхлэв. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор 2023 оны төсвийг өргөн барьсныг УИХ-аар баталсан.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл болсон. Тийм учраас 91 хувийг зөв тодорхойлж, 1,039,000 хүүхдэд мөнгө олгохоор тооцоолсон. Хүүхдийн мөнгийг 17 жил олгож буй. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2023.01.30/ Сангийн яам, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ “Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм.

Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан. Төсвийн хуулийг хэлэлцэх явцад салбарын яамд өрхийн орлогыг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлсэн гэж байсан ч мэдээллийг зөрүүтэй байдал гарч, хүндрэл дагуулсан. Тиймээс хүн амын мэдээллийн сан, халамжийн мэдээллийн сан, улсын бүртгэлийн мэдээллийн санг нэгтгэж, бодит мэдээллийн эх сурвалжтай болж, хуульд нийцүүлэн иргэдэд чирэгдэлгүйгээр хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай” гэсэн юм.

Мөн энэ асуудалтай холбогдуулж, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэг дээрх асуудлыг судлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллах аж.

Г.ХОРОЛ


Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө бол халамж биш
2023-01-31 16:24:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0