МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийж буй. Үүний нэг нь Зөвлөлдөх санал асуулга. УИХ-аар Зөвлөлдөх санал асуулгын бүрэлдэхүүнийг томилж, Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулах ажиллагаа өндөрлөв. Ингэхдээ олон улсын түүврийн аргачлалаар 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, өгөгдсөн асуултад хариулт авах арга хэмжээг Үндэсний статистикийг хороо зохион байгуулж дуусав.
Энэ асуулгын асуултыг Зөвлөлдөх зөвлөл боловсруулсан бөгөөд нийгэм, эдийн засаг, төрийн тогтолцооны талаарх асуултуудыг багтаасан гэж мэдээлсэн. Санал асуулгыг зургаан бүлэгт хувааж, 1-10 оноо өгөх байдлаар асуултаа боловсруулжээ.
Ингэхдээ, Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудлыг багтаасан гэж албаныхан тайлбарлаж буй. Мөн энэ үеэр хоёрдугаар сарын 14, 15-нд Төрийн ордонд болох “Зөвлөлдөх уулзалт” буюу хоёр дахь шатыг зохион байгуулахад өөрийн биеэр оролцох эсэхийг нь эхний шатанд асууж буй. Хэрэв 1570 хүнээс оролцох боломжгүй гэж мэдэгдвэл дахин санамсаргүй түүврийн аргаар сонгож, тэдний 50-иас дээш хувь нь Төрийн ордонд болох хоёр дахь шатны уулзалтад оролцох юм. Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ:
Зөвлөлдөх санал асуулгын асуултууд нууц байх ёстой бөгөөд ямар нэг байдлаар санал өгч байгаа иргэнд нөлөөлөл орно гэж тооцдог аж. Тиймээс саналыг нууцалж, зөвхөн асуулгад оролцогчид мэдэх юм. Хоёр дахь шатны санал асуулга ч гэсэн нууц байх бөгөөд Төрийн ордонд сонгогдсон иргэдийг хувааж, хэсэг бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эцсийн асуулгын дүнг Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгыг эцэслэж, УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх шийдвэрийг гаргах юм.
Зөвлөлдөх санал асуулга, зөвлөлийн шийдвэр ямар байхаас МАН-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тодорхой болно. Мэдээж эрх баригчдын хүсч буй зүйл бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Яг одоогийн нөхцөлд УИХ-ын гишүүд нь хуулийн байгууллагаар шалгуулж, эхнээсээ гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж байгааг нь харвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламентын дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа нүүрсний хулгайн асуудалтай холбоотой байж болзошгүй хэд хэдэн гишүүдийн нэрс ил, далд зарлагдаж байгаа энэ цаг үед бүр ч эргэлзээтэй.
Саяхан намын "даалгавар"-аар Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөлт оруулах эсэх талаар олон нийтийн саналыг харгалзахаар хэдэн өдөр "анхаарлын төвд" оруулсан боловч олон нийтийн дэмжлэг авч чадахгүй гэдгийг нь монголчууд харуулав.
Хууль эрх зүйн хувьд ч одоогийн Үндсэн хуулийг шинэчлэхгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийгээд явах нь зөв гэдэгтэй МАН эвлэрэв. Тиймээс ч Зөвлөлдөх санал асуулгад өөрсдийн "хүсч" буй парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх зэрэг асуултуудаа шингээж чадсан. Одоо тэдний хүслийг гүйцээх хоёр дахь шатны санал асуулга олон зүйлийг тодорхойлж, ирэх хаврын улс төрийн өнгийг ч тодорхойлж болох юм.
Гэхдээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд 57 кноп хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөнө гэж үзвэл түүнийг нь дэмжих 57 гишүүний кноп хэрэгтэй болно.
11 дүгээр зүйл. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх:
11.3.Төслийг чуулганаар хэлэлцэхэд дараахь зарчмыг баримтална:
Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэсэн Зөвлөлдөх санал асуулгын дүн гарвал ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хэрэв УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл өөр асуудал хэлэлцэхгүй байх зохицуулалттай бөгөөд УИХ-ын 76 гишүүн гишүүний дөрөвний гурав буюу 57 кноп байхад хангалттай. МАН-д 63 гишүүнтэй гэж тооцвол тэд дангаараа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах боломжтой ч сөрөг хүчин, асуудалд холбогдсон гишүүдээ тооцвол 57 кноп хүрэх эсэх нь эргэлзээ дагуулж буй нь нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал зэргээс харвал энэ хаврын улс төрөө даах эсэх нь ч эргэлзээ дагуулж байна. Эхнээсээ ч гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт өгөөд эхэлсэн, хуулийн байгууллага нь дахиад ч хэд хэдэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирнэ гэх бор шувуу нисч буй үед бүр ч их эргэлзүүлээд эхлэв. Сар шинийн баяраас өмнө хоёр шатны санал асуулга дуусна, энэ санал асуулгын дүн МАН-ын хүслийг биелүүлэх үү, эсвэл…
Үндсэн хуулийг өөрчлөх 57 буюу хаврын улс төр |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10