Даваа, 2024-11-25
Н.Батбаяр хийснээрээ бахархаж, Б.Энхбаяр хэлэх үггүй болов

Дэлхийн зах зээлээс бага хүүтэйгээр 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгож чадсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Ардын намынхан “шоронд сууж, шонд өлгүүлэх ёстой хүн” гэж хэлэх нь халгүйгээр буруутгаж ирсэн.

Хөгжлийн банкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй өнөөдрийн сонсголын үеэр хуралдаан даргалагч Б.Энхбаяр ч  гэрчээр дуудагдан ирсэн, сайд асан Н.Батбаярыг “Томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагатай байсан Чингис бондын мөнгийг яагаад төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд зарцуулав” гэж буруутгав.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “2012 онд ард түмэн Засгийн эрхийг Ардчилсан намд өгсөн. 2012 оны сүүлийн хоёрдугаар хагасаас дэлхийн эдийн засагт эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн томоохон эрсдлийг дагуулах болсон тул хохирол багатай даван туулахын тулд Чингис бонд босгохоор болсон. Тухайн үеийн УИХ Засгийн газарт 5 тэрбум хүртэлх ам.долларын бонд босгох эрхийг олгосон.  Засгийн газар 100 хоногийн хугацаанд буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 26-нд 1.5 тэрбум ам.долларын бондыг дэлхийн зах зээлээс босгож чадсан. Энэ мөнгө 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Сангийн яамны дансанд орсон түүхтэй.

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Хоёр жил сайдаар ажиллахдаа  эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, дараа нь 300 сая ам.долларын Самурай бонд, мөн Хятад, Орос, Европын орнуудаас нийтдээ 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ирсэн. Энд би албан ёсооор хэлэхэд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа гадаад зах зээлээс өртөг хямд хөрөнгийг оруулж ирснээс биш авч гараагүй. Монголд мөнгө оруулж ирснээс биш мөнгө захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэрвээ Чингис бондын мөнгө, бусад бондын мөнгө орж ирээгүй, тэр хөрөнгөөр эдийн засгийн үйл ажиллагааг дэмжээгүй байсан бол 2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Нүүрс нэг тонн нь 30 ам.доллар руу унасан, зэсийн үнэ, алтны үнэ унасан. Хямралт байдлаас гарахын тулд эдгээр хөрөнгийг босгосон, тэр зорилгоо ч биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан.

Чингис бондын хөрөнгөөр 371 арга хэмжээ, бүтээн байгуулалт хэрэгжээд дуусчээ гэлээ. Эдгээр бүтээн байгуулалтаас учир дутагдалтай гэснийг ярилаа гэж ойлголоо.

Чингис бондыг босгохдоо 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон. Энэ хугацаанаас хойш Засгийн газрууд олон удаагийн бонд босгосон, гэхдээ Чингис бонд шиг 4 хувийн хүүтэй бонд босоогүй гэдгийг хэлэх ёстой. Та өндөр хүүтэй бонд босгосон гэж хэллээ, харин Чингис бондоос хойших бондууд өндөр хүүтэй босч байгаа. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын босгосон бонд 8.65 хувийн хүүтэй байсан нь Чингис бондын хүүнээс даруй 2 дахин үнэтэй боссон шүү” гэж хийсэн ажлаа тайлагнаж, гэрчээр дуудсан хүмүүсээ яллаж суусан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хэлэх үггүй болгов.

Г.ХОРОЛ


Н.Батбаяр хийснээрээ бахархаж, Б.Энхбаяр хэлэх үггүй болов
2023-02-08 10:56:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0