Засгийн газрын хуралдаанаар төрөөс 13 тэрбум төгрөг гаргаж, 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан нь шүүмжлэл дагуулаад буй. “News” агентлаг энэ асуудлыг хөндөж, хоёр талын байр суурийг онцолж байна.
-Малаа ээмэгжүүлэхийг шүүмжилж байгаа хүмүүс бол Монголын махыг экспортонд гаргахгүй гэсэн гадныхны явуулга байх өө. Ер нь үхэр, адууг дугаар код, QR-аар бүртгэж хэний үхрийн мах болох, дараа нь хэн хариуцлага хүлээхийг бичиж өгөхгүйгээр махыг нь экспортолж болдоггүй журам дэлхийд үйлчилдэг. Мах экспортонд гарвал манай эдийн засаг, валютын нөөц нэмэгдэнэ, малчдын орлого нэмэгдэж, хот руу төвлөрөхгүй байх ач холбогдолтой . Зарим нөхөд улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл гаргасан хүн бүрийг хорлодог, харийнхны гар хөлд үйлчилдэг юм биш үү.
-Мал сүргийг ээмэгжүүлж, бүртгэл мөшгилтийг сайжруулах нь мах, сүү зэрэг бүтээгдэхүүний хүнсний аюлгүй баталгаат байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Гэхдээ уг чухал ажлыг яаж, ямар аргаар хийвэл илүү үр дүнтэй байх вэ гэдэг нь өөр асуудал. Аливаа асуудлаар бодлогын шийдвэр гаргахдаа уг асуудлын эрэлт хэрэгцээ, хэрэгжих боломж, гарах үр дүн, үр дагавар гэх мэтэд тун нухацтай хандаж баймаар юм. 13.0 тэрбум төгрөгийг зөвхөн үхэр сүргийн ээмэгжүүлэлтэд зарцуулна гэдэг чинь манай тураалтай эдийн засагт хүнд ачаа болно. Гадаадын төсөл хөтөлбөр мэт өөр эх үүсвэрээс үүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг нь гаргасан ч төрөөс малчдын малыг "үнэгүй ээмэгжүүлж" тэдэнд таалагдах гэсэн "бодлого"-ыг зөвтгөхөд хэцүү байна.
Манайд хувийн өмчтэй малчдын өмнөөс төр буюу ХХААХҮЯ шийдвэр гаргаад, татвар төлөгчдийн мөнгийг олон юманд үрэн таран хийж ирсэн. Үүний үр дүнд малчид зах зээлийн зарчмаас улам бүр холдож, аль болох төрийн гарыг хардаг заншилтай болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, хувийн өмчөө хамгаалах, арвижуулах замаар үр шимийг хүртэхийн төлөөх хувийн малын эзэн, малчдын сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэхийн оронд тэдэнд яавал таалагдах вэ гэдэг арга барилаар төр ажиллаж байгаа нь буруу. Малчид өөрсдийн хувийн малаа эрүүл байлгах, ашиг шим бүтээмжийг нь дээшлүүлэхийн төлөө бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийж байж энэ салбарт хөгжил бий болно.
Төр оролцох юмандаа учиртай л оролцох хэрэгтэй. Ээмэгжүүлэхийн ач тусыг малчдад сайн ойлгуулж, өөрсдөөр нь хөрөнгө гаргуулах, шинжлэх ухаан технологийн болон мэргэжлийн арга зүйгээр зөвлөн үйлчлэх, ээмгийг нийлүүлэх зах зээл, үнийн талаарх мэдээллээр хангах, ээмэгжүүлэлтийн мэдээллийг дамжуулах, ашиглах техник технологийн нөхцөл бүрдүүлэх гэх мэт. Хэрэв заавал санхүүжилтийг нь төр хариуцах гэж байгаа бол ядаж хот суурин газрын орчмын өндөр ашиг шимтэй сүү, махны эрчимжсэн фермерийн үнэтэй үхэр сүргээ ээмэгжүүлэн бүртгэлтэй болгож, сүү, махны гарал үүслийг мөрдөн мөшгих орчин үеийн мэдээллийн технологийг цогцоор нь хийж болно. Үүнд учиргүй их хөрөнгө мөнгө шаардлагагүй. Төрийн дэмжлэгээр бэлчээрийн маллагаатай бүх үхрийг хавтгайруулан хамруулах нь буруу. Юуны өмнө бэлчээрийн маллагаатай мал аж ахуйн малын байнгын хөдөлгөөнтэй онцлог, мөн манай орны байгалийн хахир хатуу нөхцөлд урьдчилсан бэлтгэл хангахгүйгээр үхрийн чихэнд шууд ээмэг зүүх нь олигтой үр дүн авч ирэхгүй. Манай байгаль цаг уурын нөхцөл, бэлчээрийн малын онцлог, малчдын сонирхол хандлага, хөдөөд үхрийн хөдөлгөөнийг ээмгээр дамжуулах, хүлээн авах, ашиглах техник, технологийн боломж нөхцөл гээд олон асуудлыг ядаж туршин судалж байж шийдвэр гаргамаар байна.
Дахин хэлэхэд төрийн зүгээс малчдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах бус, аль болох хариуцлагажуулах, өөрийн бизнесээ өөрөө авч явах чадавхыг нь бэхжүүлэх тал дээр анхаарах цаг нь болсон.
Г.ЭРДЭНЭ
Төрөөс 13 тэрбум төгрөг гаргаж, 5.5 сая үхрийг ээмэгжүүлэх нь зөв, буруу |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10