Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланг нүүрсний тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татсан байна. Тэрбээр нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй Зам тээврийн салбарын хоёр дахь сайд болж байна. Түүний өмнө АТГ-аас Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг яллагдагчаар татсан.
Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан.
Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд 75 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Тэр дунд улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн дөрөв, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Засаг дарга асан хоёр, нэг УИХ-ын гишүүний зөвлөхийг яллагдагчаар татан, шалгаж байгаа талаар мэдээлсэн.
Хуулийн байгууллагаас сайд асан Б.Энх-Амгаланг өмнө нь таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалттай холбоотойгоор шалгаж байсан. Тэрбээр /2022.08.22/сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Авлигатай тэмцэх газраас хэнийг шалгаж байгаа эсэхийг авсан нь зүйтэй. Одоогоор надаас мэдээлэл авч, асууж тодруулж, шалгасан зүйл алга. Би Дарханы замын асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Тийм учраас өгсөн мэдээлэл, ярилцлагууд пэйж дээр байгаа.
Бүх юмны учир олдож, үнэн нь тайлагдах байх. Хэрэгтэй гэвэл миний өрөө тасалгааг үзнэ л биз.
Би бүх материалаа тарааж өгөхөд бэлэн. Ер нь буруутныг шалгаж тогтоох ёстой. Тийм учраас нэгжлэг хийлгэх хэрэгтэй. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалтын гэрээ хийсэн. Тэр үед би Зам, тээврийн хөгжлийн сайд байгаагүй. Надад айж ичих зүйл алга" гэдэг хариултыг өгч байв.
АТГ: Б.Энх-Амгаланг тээвэрлэлттэй холбоотой хэргээр яллагдагчаар татсан |
|