Даваа, 2024-11-25
Эрх баригчдын "сүүлчийн" боломж!

Туулай жилийн босгон дээр “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны дүн гарч, УИХ-д зөвлөмжөө хүргүүлэв. Нийт хоёр шаттай, түүврийн аргаар сонгогдсон 1570 хүн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн агуулгаар зөвлөмж гаргасныг Зөвлөлдөх зөвлөл нэгтгэж, УИХ-д хүргүүлсэн юм.

Дөрвөн чиглэлд,

1.Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага сэдвийн хүрээнд 6 зөвлөмж

  • Сүүлийн жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгааг иргэд шүүмжлэх болсон. Тэгвэл санал асуулгад оролцогчид иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэх нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэжээ. Мөн гадаад ажиллаж, амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгөх, харьяаллын асуудлыг судлах. Хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнуудын зарлагаа мэдүүлдэг болгох зохицуулалтыг хуульд тусгахыг дэвшүүлжээ. Мөн Ард иргэдийн төлөөлөн ажилладаг, төрийн шалгах бие даасан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

2. Парламентын ардчилал сэдвийн хүрээнд 6 зөвлөмж

  • Санал асуулгад оролцогчид шинэ Үндсэн хууль хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, 2019 онд эрх баригч МАН-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах ёстой хуулиудаа хойшлуулахгүйгээр баталж, нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг үзэх ёстой гэжээ. Мөн парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, олонхын болон хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог хослуулан явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тогтолцоог тусгасан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг бий болгох ёстой гэжээ.

3.Эдийн засаг, баялгийн сая, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд 7 зөвлөмж

Үндэсний баялгийн санг бий болгох, удирдлагыг нь улс төрөөс хараат бус байлгаж, олон нийтийн хяналтад оруулах орчныг бүрдүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлэх, Төв банкны хараат бус байдлыг бий болгох, орон нутагт өгөөжөө өгөх томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих зэрэг саналуудыг тусгажээ.

4.Нийгмийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд 3 зөвлөмжийг тус тус гаргажээ.

  • Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв хөрөнгийг ил тод, сангийн удирдлагыг улс төрөөс хараат бус томилох, жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангахад чиглэсэн хууль тогтоомжийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд гүйцэд хэрэгжүүлэх зэргийг саналдаа тусгажээ.

Зөвлөлдөх зөвлөлөөс гарсан саналыг ЭНД дарж харна уу.

Зөвлөлдөх зөвлөлийн ирүүлсэн саналыг УИХ хаврын чуулганаар хэлэлцэж, зөвлөмжийн дагуу ямар эрх зүйн зохицуулалт хийх вэ гэдгээ тодорхойлно. Ингэхдээ, Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах талаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, ирэх гуравдугаар сарын 7-ны дотор саналаа УИХ-д оруулна. Эрх баригчдын хүсч буй сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын чадавхыг нэмэгдүүлэх саналыг Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд ч дэмжсэн байгаа нь энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудлыг хэлэлцэх нь тодорхой болж байх шиг байна. Хэрэв хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцвэл өөр асуудал хэлэлцэхгүйгээр зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх зохицуулалттай.

МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, оруулахгүй гэсээр Зөвлөлдөх санал асуулга хийсэн. Ингэхдээ өөрсдийн "хүсч" буй зарим асуултыг агуулгаар нь оруулж, түүнийг нь санал асуулгад оролцсон иргэд дэмжсэн нь ч учиртай. Гэхдээ тэдэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуульд гар хүрч, холимог системтэй болох сүүлчийн боломж нь хаврын чуулган. Учир нь сонгуулийн жилээс нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд, Үндсэн хуульд ч гар хүрч болохгүй хуулийн зохицуулалттай. Тиймээс энэ хавар эрх баригчид хүслээ гүйцээж, сонгуулийн холимог тогтолцоо, парламентыг чадавхийг сайжруулах зэрэг "жижиг" өөрчлөлтүүдийг хийх замаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болов уу. Томоохон өөрчлөлт хийхгүйгээр өмнө нь өөрчлөлт оруулаагүй хэсэгт багахан өөрчлөлт хийх замаар Үндсэн хуульд "гар хүрэх" сонирхолтой бөгөөд зохиолтой байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалтай зэрэгцэн хаврын, сонгуульд зориулсан улс төр эхэлнэ. Харин үүнийг эрх баригчид давж гарч чадах уу гэдэг нь анхаарлын төвд байна.

Яг ийм үйл явцтай зэрэгцэн 2020 оны сонгуулиас хойш будлиантай, олон даргатай байсан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг улсын дээд шүүх бүртгэж, АН даргатай болсон нь давхцав.  Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзаж байгааг үл анзаарч боломгрүй.  Парламентад суудалтай намуудын, улс төрийн намуудын зөвшилцөл дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах учиртай.


Эрх баригчдын "сүүлчийн" боломж!
2023-02-27 12:31:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0