Мягмар, 2024-09-17
Ц.ДЭЛГЭРНЯМ: “ГОВЬ ПОВЕР” КОМПАНИ Г.ДЭНЗЭН БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭРТЭЙ ХАМААРАЛГҮЙ ГЭДЭГ НЬ ХАНГАЛТТАЙ ТОГТООГДСОН

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжлэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх, Г.Дэнзэн, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.


-Анх 17 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Г.Дэнзэн нарыг шалгаж эхэлсэн байдаг. Шүүхийн гаргасан шийдвэрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Улс орон даяар 17 тэрбум төгрөгийн гэх тодотголтойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг өөрийн эхнэр Г.Уянгын нэр дээр “Говь повер” гэх ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг шилжүүлж, улмаар “гаалийн хяналтын бүс шалгаруулах тендер”-т хууль бусаар шалгарч, онц их хэмжээний мөнгө завшсан ... гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр нэлээд дуулиан шуугиан болсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан таван өдрийн турш үргэлжилж, миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан. Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Нэгэнт энэхүү шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй буюу шүүхийн нээлттэй танхимаар шууд дамжуулагдсан. Тус шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэн хангалттай ажиглаж, бичлэг хийж байгаа харагдсан. Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг дараахь хоёр асуудлаар буруутгасан байдаг. Эхнийх нь 2010 онд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдож, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн хамаарал бүхий “NIDB” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж.

Дараагийнх нь Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй, Д.Баярмаа гэх эзэнтэй “Говь повер” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж, тендерт хууль бусаар шалгаруулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус буруутгасан. Эхнийх нь үйлдлийн хувьд Г.Дэнзэнгийн гэм буруутай гэх үйлдэл огт тогтоогдоогүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Жишээ нь, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байдаг байтал улсын яллагчаас тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүнээс авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ Г.Дэнзэнг буруутгах эх сурвалжаа болгосон нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байсаар байтал зөвхөн Г.Дэнзэнг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байсан.Хоёрдугаар буруутгаад буй үйлдлийн хувьд, хамгийн гол нь Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Жишээ нь, бид бүгдийн маш сайн мэддэг нэг зүйл бол “Нотлох баримт эх хувиараа эсвэл эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд л нотлох баримтын шаадлагаа хангадаг” гэх процесс юм. Гэтэл яг л энэхүү шаардлагыг хангаагүй, хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л Г.Дэнзэнг буруутгах гол нотлох баримт болгосон нь ЭБШ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчиж, тус нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбарыг нотлох баримтандаа шинжлэн судалсан.

-“Говь повер” компанийн захирал эмэгтэй Г.Дэнзэнг өөрийн компанитай холбоогүй гэдгийг хэлсэн байдаг юм уу?

-“Говь повер” ХХК-ийн албан ёсны эзэн, хөрөнгө оруулагч бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж буй Д.Баярмаа гэх эмэгтэй “Говь Повер” ХХК нь миний компани, би энэ компаниа өөрийн төрсөн дүү Баярхүү, мөн өөрийн төрсөн дүүгийн эхнэр Ч.Уянгаагийн нэр дээр анх нэг тэрбум төгрөгөөр Хятад улсын иргэнээс худалдаж авсан, тендерт албан ёсоор зохих журмын дагуу оролцсон, “ЭТТ” ХК-иас өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөх болсонтой холбогдуулж, манай компаниар гурван тэрбум гаруй төгрөгийн ажил хийлгэсэн, тус ажлыг би өөрийнхөө 47 ажилчин, албан хаагчтай хамтран дээр нь мэргэжлийн чадвартай байгууллагуудаар туслан гүйцэтгүүлж байсан, Монгол Улсад ганцхан байдаг 40 метрийн урттай пүү болон түүнээс гадна 200 тоннын даацтай хоёр пүү, 150 тоннын даацтай хоёр пүү, нийт таван пүү суурилуулж, тусгай захиалгаар угсруулсан найман ширхэг цоо шинэ ковш маркийн хүнд даацын машиныг захиалан авсан, газар маань өөрөө онцгой сайхан байршил бүхий 13,5 га газар байсан бөгөөд тойруулаад өндөр төмөр хашаа, салхины хаалт, газрын доод уландаа нүүрсээр ул дэвссэн байсан. Мөн замын сайжруулалтыг өндөр түвшинд хийсэн, ажилчдын болон гаалийн ажилтан, алба хаагчдын байр, оффисын байр болон тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь чанарын өндөр түвшинд бэлтгэсэн талаараа өнгөт фото зургийн үзүүлэлтүүд болон тэдгээрт зарцуулсан мөнгийг зөвхөн банкаар шилжүүлсэн албан ёсны нотлох баримтуудаа гарган өгсөн. Гэтэл ийм их ажил, үйлчилгээг өчнөөн сарын турш “Говь повер” ХХК-иар “Эрдэнэс Таван толгой” ХК хийлгэчихээд, дараа нь “танайхтай хамтран ажиллах гэрээгээ цуцаллаа” гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Байгаа бүхнээ “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгынх нь төлөө зориулсан. Байхгүйгээ бусдаас зээл тавьж, хоёргүй сэтгэлээ зориулсан “Говь повер” ХХК-ийнхан энэ аймшигт гэнэтийн мэдэгдлийг хүлээж аваад, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн өрөөнд Д.Баярмаа уйлаад орсон байдаг. Захирал Я.Батсуурь “Та шүүхэд хандсан нь дээр биз дээ, бид танай компанийн гаргасан мөнгө, хөрөнгийг гаргаж өгч чадахгүй” гэж луу унжсан байдаг. Иймээс өчнөөн хүний амьдрал хувь заяаг нуруундаа үүрч, Монгол Улсдаа хангалттай татвараа төлж, эх орондоо ихийг хийж бүтээж явна гэсэн дэврүүн хүсэлтэй явсан энэ компанийн захирал эмэгтэй арга буюу иргэний шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэл нь Иргэний хууль болон бусад хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байсан тул шүүгч захирамж гаргаж, Иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагч тал болох “Эрдэнэс Таван толгой” ХК-иас хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлтээ гаргуулсан байдаг. Түүний дараа шүүх хуралдаан болж, тус хурлын сүүл хэсэгт талууд ойлголцож, “Говь Повер” ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнг хасуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тус эвлэрлийн гэрээг шүүх баталж, ийнхүү асуудал хуулийн дагуу болж өрнөсөн байдаг. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ХК нь эвлэрлийн гэрээгээр төлөх төлбөрөө төлөлгүй гурван сар болсон тул арга буюу “Говь повер” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дөрвөн удаа явагдаж, тус мөнгөө “Говь повер” ХХК авсан болох нь хавтаст хэргийн материал болон бусад баримтаар хангалттай нотлогддог. Шүүх хуралд оролцоод эвлэрлийн гэрээ байгуулж байгаа хоёр компанийн хувьд мөнгөн дээрээ тохиролцоод эвлэрэх эрх нь нээлттэй. Цаашилбал, компанийн актив хөрөнгийн 25 хувиас доош үнийн дүнтэй хэлцэл болон маргааныг заавал ТУЗ-д мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлага байхгүй болох нь компанийн тухай хууль, “Эрдэнэс Таван толгой” компанийн дүрэм гэх мэт олон төрлийн эрх зүйн актуудад тусгагдсан байдаг.

-Тэгэхээр улсад учруулсан хохирол гэгдээд байгаа 5.5 тэрбум төгрөг чинь шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-ийн дансанд шилжсэн мөнгө болж таарч байна уу?

-Тийм ээ. “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа гэх эмэгтэй “Эрдэнэс Таван толгой” компаниас шүүхийн шийдвэрийн дагуу орж ирсэн мөнгөө хаана хаана, ямар гүйцэтгэлд төлсөн тухайгаа маш дэлгэрэнгүй тайлан гаргасан, дансаар мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүнийгээ АТГ-д гаргаж өгсөн. Энэ мөнгөн гүйлгээн дотор Г.Дэнзэнд нэг төгрөг ч шилжүүлсэн зүйл байхгүй. “Эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ” гэх заалт ч байдаг. Иймээс Г.Дэнзэнгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа. Давж заалдах гомдлоо гаргах болно. Мөн “Говь повер” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу өөрийнхөө дансаар мөнгөө шилжүүлээд авчихсан. Г.Дэнзэн нэг ч төгрөг аваагүй нь тодорхой байхад “Говь повер” ХХК-тай хувааж төл гэсэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

-Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаа гэх нотлох баримт байдаг гэсэн биз дээ. Гол буруутгаад байгаа зүйл нь энэ гэж яригдаж байсан?

-Ямар ч нотлох баримт байхгүй. Нэг канондчихсон гэрээ гэх зүйл үзүүлээд байдаг. Канондчихсон гэрээ хууль ёсны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хуульчид битгий хэл жирийн иргэн ч мэднэ. Үгүй ядахдаа нотариатаар батлуулах ёстой. Гэтэл огт тийм биш. Канондсон цаасыг техник, тоног төхөөрөмж хөгжсөн өнөө цагт хэн дуртай нь хийх боломжтой байх. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг “Говь повер” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээ хийсэн гэж үзээд, буруутгаад байгаа гэрээ нь өөрөө албан ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар юм.

Ер нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. 284.2.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. 284.3.Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх Эрүүгийн хуулийн 284 дүгээр зүйлд заасан заалтын шаардлагыг хангаагүй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

-Шүүх хурлын үеэр Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг биш хувийн үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргах гол үндэслэл болгосон. Тэр газрын үнэлгээчин өөрсдийн гаргасан үнэлгээ бүхий дүгнэлтээ хамгаалж чадахгүй байсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар?

-АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг “хууль бус дүгнэлт” гэж үзээд ашгийн төлөө байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” нэртэй хувийн байгууллагаар гаргасан дүгнэлтээр үнэлгээ тогтоолгож, түүнийг туйлын үнэн гэж үзсэн нь харамсалтай. Дээрх ашгийн төлөө хуулийн этгээдийг төлөөлж, үнэлгээ гаргасан үнэлгээчин н.Соёлмаа гэх эмэгтэй нь сүүний технологич мэргэжилтэй, эд хөрөнгийн үнэлгээчин гэх мэргэжлээ курсээр эзэмшсэн гэх, тэрээр 2015.06.24-ний өдөр үнэлгээ хийсэн боловч, тусгай зөвшөөрлөө үнэлгээ хийснээс хойш буюу 2015.12.18-ны өдөр авсан, өөрөөр хэлбэл үнэлгээ хийх үедээ албан ёсны эрхгүй этгээд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн хөрөнгийн үнэлгээчин н.Соёлмаа “Говь повер” компанитай холбоотой асуудлаар үнэлгээ, дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тухай хуулиа огт уншаагүй гэдгээ өөрөө мэдүүлсэн. Хоёрдугаарт, үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэлгээгээр тогтоосон гэж мэдүүлсэн боловч хэрхэн, ямар аргачлалаар үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй. Үүнийгээ өөрөө хамгаалж чадаагүй. Мөн “Та үнэлгээ гаргахдаа хаана хаанаас үнэ аваад, дундаж үнийг нь гаргасан юм бэ” гэх асуултад хариулж чадахгүй байсан. АТГ-ын мөрдөн байцаагч “Та үнэлгээндээ оруулаарай” гээд холбогдох бичиг баримт өгсөн байдаг. Гэтэл дур мэдээд тэр жагсаалтын заримыг нь хасаад үнэлгээ хийгээгүй орхигдуулсан. Хэрэв энэ үнэлгээчин зөв зүйтэй “Эд хөрөнгийн үнэлгээ” тогтоосон байсан бол Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн хэргийн талаар нотолбол зохих асуудлууд гэж байдаг. Энэ хуулийн хамгийн гол зүйл заалт буюу 80.1.5-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын хэмжээг зөв тогтоох боломжтой байсан боловч харамсалтай нь тэгж бодитой үнэлгээ тогтоож чадаагүй.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн тендер шалгаруулах комиссын таван гишүүн байсан. Зөвхөн нэг хүнийг нь буруутгаж, дөрвөн гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үү?

-“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани өөрөө ашгийн төлөө компани. Тус компани нь Компанийн тухай хууль, өөрсдийн компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл анги руу оруулж, гэм буруутайд тооцоод байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болоод байгаа юм. Үүгээрээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа үйлдэл болсон гэж үзэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг шүүх хэрэглээгүйг дурдмаар байна. Шүүхээс гаргасан шийдвэр болон бусад нотлох баримтуудын талаар санал бодлоо солилцож байгаа нь зөвхөн өмгөөлөгч миний хувийн бодол, дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

 

Ц.ДЭЛГЭРНЯМ: “ГОВЬ ПОВЕР” КОМПАНИ Г.ДЭНЗЭН БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭРТЭЙ ХАМААРАЛГҮЙ ГЭДЭГ НЬ ХАНГАЛТТАЙ ТОГТООГДСОН
2017-04-17 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ