Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү өнөөдөр /2023.03.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан харамсалтай мэдээ сонслоо. Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй, гэтэл нэгийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж байхгүй болголоо.
Ардчилсан нам бол анхнаасаа эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлдэг гэдэг утгаараа аливаа гэмт хэрэг дээр гишүүдээ өмгөөлж, хамгаалж байгаагүй. Анхнаасаа бид нар хулгайн хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу, өөрсдөө сайн дураар очиж шалгуулах ёстой гэж мэдэгдэж ирсэн. Энэний дагуу манай намын гишүүдээс эрүүгийн хэрэгт сэрдэгдэж байгаа нь хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан.
Сүүлийн үед Ардчилсан нам болон намын даргын нэр хүндийг гутаах зорилготой, Ардын намын санхүүжилттэй гэж хардаж байгаа “УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг тэрбум төгрөгийг гишүүдэд өгч, худалдаж авч байна” гэсэн гүтгэлэг дайралт сүүлийн хэд хоног завсаргүй цацагдлаа. Удахгүй Ардчилсан намаас ажлын хэсэг гарч, энэ асуудлыг шалган, хууль хяналтын байгууллагад өгнө. Харамсч байна.
Хоёрдугаарт, Халдашгүй байдлын дэд хорооонд зохион байгуулалттайгаар Ардчилсан намын төлөөлөл оруулаагүй. Оруулаагүй учраас Өмнөговийн төлөөлөл хэн байх вэ гэдгийг Ардын намынхан өөрсдөө хуйвалдааны аргаар шийдлээ. Тийм учраас Өмнөговийн төлөөлөл эзгүйрэх гэж байгаа энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой.
УИХ-ын тухай хуулийн 9.8-ийг үндэслэн Улсын ерөнхий прокурор нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргасныг бид хэвлэлээс харсан. Энэ заалт нь гэмт хэргийг шалгахаар биед нь үзлэг хийх гэхэд, орон байранд, албан тасалгаанд үзлэг хийх болоход болохгүй байгаа учраас эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага байна гэсэн үг.
УИХ 9.7-г үндэслэн Өмнөговийн төлөөллийг дахин оруулж ирэх талаар УИХ-ын нэгдсэн чуулган дээр Д.Бат-Эрдэнийн бүрэн эрх нь буцаан сэргээгдсэн гэдэг мэдээллийг уншихыг бид хүсч байгаа.
Гэмт хэргийг шалгаж байгаа нэрээр хугацаагүй шалгадгийг болиосой. Ардын нам ард түмэнд амласан зүйлүүд бий. Ажлын байрыг нэмэгдүүлнэ, ядуурлыг бууруулна, үнийн өсөлтийг зогсооно, валютын ханшийг бууруулъя гэж амлаад 2016 онд УИХ-д 65 суудал авсан. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвшиж байсан хүмүүсийг 5 тэрбум, 2 тэрбумыг өг гэж хориод сонгууль дууссаны дараа сулласан. Ардын намынхан амлалтаа биелүүлээгүй.
Нүүрсний хулгайн талаар манай намын зүгээс анх шүгэл үлээж, “20 орчим их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна, шалгах ёстой” гэдэг мэдээллийг миний бие хийж байсан. Гэтэл өнөөдөр тэд нэг ч төгрөгийг төсөвт оруулж ирээгүй. Нүүрсний хулгай гэдгийг бид ойлгохдоо оффтейк гэрээг шалгаад 3 их наяд төгрөгийг битүүмжлээсэй гэж хүссэн. 20 их наяд төгрөгийг оффшорт оруулсан асуудлыг шийдээсэй гэж бид хүссэн. Харамсалтай нь, сөрөг хүчин рүүгээ дайрсан, гутаасан. Хулгайн мөнгөөрөө хэвлэлийг худалдаж авсан байдлаар явж байгаад харамсч байна.
Хууль хяналтын байгууллагад хандахад хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн асуудлыг түргэн шуурхай шалгаад, УИХ-ын тухай хуулийн 9.7-д заасны дагуу бүрэн эрхийг нь буцаан сэргээх асуудалд Улсын ерөнхий прокурорыг анхаарч ажиллахыг хүсч байна.
Ардын намныханд хандаж хэлэхэд, олонх нь цөөнхөө барьж иддэг шиг, цувуулан цувуулан явуулах биш бүх хулгайчдаа нэн яаралтай гаргаж ирэх шаардлагатай байна. Бидний олж авсан мэдээллээр МАН-аас хамгийн багадаа 18 хүн хулгайн хэрэгт холбогдсон яллагдагчаар татагдсан байх магадлалтай байгаа. Зөвхөн нүүрсний хулгайгаар зогсохгүй, Хөгжлийн банк, ЖДҮ-ийн хулгай гээд албан тушаалын янз бүрийн хулгай байгаа. Энэ бүгдийгээ гаргаж, цэвэрлээч ээ. Хулгайчид ханьсах дуртай гэдэг шиг заавал Ардчилсан намыг бөөрөндөө наах гэж, Ардчилсан намын нэр хүндийг нь гутаасан байдалтай дайралт хийж буйд харамсч байна. Ардын намынхан 40 их наядын хулгайгаа яаралтай илрүүлж, ажлын байр бий болгооч ээ. Валютын ханшийг сааруулаач ээ. Ядуурал нь бий болоод байхад сенсацыг сенсациар дарах байдлаар ард түмнийг талцуулсан байдлаар аргацааж буйд харамсч байна.
Шударга ёсыг тогтоохын төлөө Ардчилсан намын хуульчид шуурхайлан анхаарал тавин ажиллаж байна” гэлээ.
“Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг нэн яаралтай сэргээх шаардлагатай” |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27