Даваа, 2024-11-25
ҮХНӨ-ийг энэ хавар хэлэлцэж, УИХ 152 гишүүнтэй болж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно

УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд дунд олны анхаарал татаж буй хэд хэдэн хууль, хуулийн төслүүд байгаагаас ҮХНӨ (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт)-ийг хүн бүр харж байна. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэдгийг эрх баригч намынхан тайлбарлаад байгаа. Тэдний хувьд ҮХНӨ-ийг хийхдээ аль болох удаан хугацаанд тогтвортой байх өөрчлөлтүүдийг оруулна гэж буй.

Өнгөрсөн долоо хоногт ҮХНӨ-тэй холбоотой хүний эрх, хотын эрх зүйн байдал, гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо гэсэн үндсэн агуулгыг багтаасан төслийг Ерөнхий сайдад танилцуулсан нь Үндсэн хуулиа энэ хавар хэлэлцэх нь тодорхой боллоо гэсэн үг.

ҮХНӨ-ийн төслийг Ерөнхий сайдад танилцуулсны дараахан Засгийн газар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д иргэдээс албан ёсоор санал аваад эхэлсэн нь энэ ажлыг шуурхайлж байгаа хэрэг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг сонирхож үзлээ. Төсөлд, Нэгдүгээр зүйлд дараах хоёр өөрчлөлтийг багтаажээ. Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно”. Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг: “1.Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана”. Хоёрдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ. Гуравдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн бол дөрөвдүгээр зүйлд ҮХНӨ-ийг Дагаж мөрдөх хугацааны тухай тус тус тусгасан байна.

Нэгдүгээр зүйлд гишүүдийн тоо, хүний эрхийн талаар гэсэн хоёр асуудлыг оруулжээ. Мажоритар сонгуулийн тогтолцоо нь иргэдийн санал гээгдэх, тойргийн явцуу ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Үүнийг шийдвэрлэх арга зам нь мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоо юм. Үндсэн хуульд энэ тогтолцоог заах нь сонгуулийн хуулийг тогтвортой байлгах, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах сайн талтай гэж үзэж гишүүдийн тоог Засгийн газраас 76+76=152 болгох саналтайгаар төслөө боловсруулсан нь энэ. Жагсаалтаар орж ирэх гишүүний тоог 76 байлгаснаар газар нутаг, нийгмийн бүлгүүд, эмэгтэйчүүдийн төлөөллүүдийг хангалттай хэмжээгээр парламентад оруулах боломжтой гэж тооцсон байна.

Энэ зүйлд, Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэц хүний эрхийн шүүх болох бөгөөд өмнө нь ярьж байсан хүний эрхтэй холбоотой зүйл заалтыг оруулж ирэх юм байна. Ингэснээр Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хуулийн биелэлт дээр хяналт тавьдаг байсан бол хүний эрхийг хамгаалах үүрэгтэй болох нь.

Хоёрдугаар зүйлд хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргах тухай тусгажээ гэж харлаа. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах чиглэлээр хотын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, илүү тодорхой болгож, засаг захиргааны нэгжийг нарийвчилж өгөх гэнэ. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулснаар нийслэл төдийгүй бусад хотуудын ч эрх зүйн байдал нэмэгдэж, төвлөрөл буурна гэж үзжээ. Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэдэг нь “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтыг хэлж байгаа юм. Энэ заалтад “Төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж өөрчилж байгаа юм байна. 65.1, 66.2 дахь хэсэг нь Цэцтэй холбоотой заалтууд. ҮХНӨ-ийн төсөлд тусгагдсан гуравдугаар зүйлд 19.2-ыг хүчингүй болгох тухай тусгажээ. Энэ нь “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт юм байна.

Мэдээж аливаа эрх барьж буй нам сонгуулийн өмнө дахин ялахын тулд Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг нь тогтсон ёс болчихоод байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг агуулгыг ийнхүү төсөлд тусгаж чаджээ. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог болох ийм том зураг дээрх ҮХНӨ-ийн төслийн ерөнхий агуулгаас харагдаж байна. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгохгүй бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй гэдэг зүйлийг МАН-ынхан өнгөрсөн жилийн өдийгөөс эхэлж дотроо ярьцгааж, тохироо хийсэн гэж хардацгааж байсан нь үнэн болж таарлаа.

ҮХНӨ-ийн хүрээнд хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана гэцгээж байгаа. Хархориныг шинэ нийслэлээр зарлаж, тэнд төрийн ажил хэрэг явуулдаг байх тухай яриа хөөрөө хэдэн сарын өмнөөс хүчтэй яригдаж эхэлсэн. Үүн дээр иргэд айхавтар санал талцаагүй ч нийслэлээр оролдохгүй байх нь одоохондоо хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлцгээж байгаа. Хэрвээ “Төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж өөрчлөх нэрийн дор Үндсэн хуулиас Улаанбаатар гэх нэрийг аваад хаячихвал та нарыг Монгол Улсын хүн амын тал нь шахуу амьдарч байгаа мега хот болох Улаанбаатарын оршин суугчид, иргэд хормын дотор л үнс нурам болгож, улс төрийн тавцангаас зайлуулах байх шүү.

Түгжрэлийг бууруулж байна гэх шалтгаар Улаанбаатарыг нийслэл хот гэх статусаас нь хэрхэвч салгаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гээд заачихсан байгааг дахин сануулъя. Ер нь нийслэлийг нүүлгэх тухай яриа үе үе гарч л байдаг. Нийслэлийг нүүлгэнэ гэж амныхаа зоргоор бурсан улс төрч тун удахгүй амаа хамхиад алга болчихдог. Учир нь нийслэлийг нүүлгэнэ гэвэл Үндсэн хуулиа зөрчсөн хэрэгт орчихно гэдгээ мэдсэн нь тэр байдаг л даа. Гэтэл одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэн нэг нь Улаанбаатар гэх нэрээр “оролдвол” нийслэлийг “Хархоринд төвлөрүүлнэ”, “Үгүй ээ, Улаангомд байгуулна”, “Үгүй шүү, манай Чингис хотыг нийслэл болгоно” гэж нийслэлээ дуртай газрууд руугаа зөөж аваачна аа л гэсэн үг. Хуульд өөрчлөлт, нэмэлт оруулж болох ч оролдож болохгүй зүйл, заалт байдаг гэдгийг ҮХНӨ-ийг хэлэлцэхийн өмнө анхаарч үзүүштэй.

ҮХНӨ-өөр ийнхүү олон жил яригдсан УИХ-ын гишүүдийн тоо нэмэх эсэх асуудал нэг тийшээ шийдэгдэж 76-аас 152 болж нэмэгдэж, Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох шинэ тогтолцоо руу орох нь ээ.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин


ҮХНӨ-ийг энэ хавар хэлэлцэж, УИХ 152 гишүүнтэй болж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно
2023-04-18 12:10:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0