С.Эрдэнэ гурван жил “эрдэнэ” мэт хадгалж явсан намын тамгаа Л.Гантөмөрт өөрийн биеэр, хадаг яндартай хүлээлгэж өгснөөр АН-ын хуваагдалд цэг тавигдав. Ингээд АН-ын цаашдын хувь заяа Л.Гантөмөрийн гарт гэрчилгээтэйгээ, тамгатайгаа ирлээ. АН-ын “тостой тэврэлт”-ийг олон нийтийн сүлжээнд алга ташиж хүлээж авсан нь цөөнгүй, эндээс хийх дүгнэлт нь Монголын улс төрд хүчтэй сөрөг хүчний орон зай үгүйлэгдсэн, ардчилал өнчирсөн долоон жил өнгөрчээ. Ардчилсан нам уствал Монголын ардчилал устана, ардчилал уствал авторитори дэглэм тогтоно, авторитори дэглэм тогтвол Үндсэний аюулгүй байдалд аюул нүүрлэнэ гэдгийг энэ хугацаанд монголчууд ойлгосон байна. Өмнө нь сав л хийвэл "муусайн ардчилагчид" гэж хараадаг таксины жолооч нар хүртэл үнэнтэй эвлэрч, нэг нам үнэмлэхүй олонхиороо засаглах нь авлига, хулгай нүүрлэх үндэс болдгийг ухаарсан байна. Энэ нь АН-ын сайных биш МАН-ын муугийнх.
АН-ЫН АМССАН ЗОВЛОН
Ардчилсан намын хуваагдал 2020 оноос албан ёсоор, албан бусаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан цагаас, бүр урагшлуулбал Н.Алтанхуягийн засаг огцорсон үеэс эхэлсэн, үүний үндсэн шалтгаан нь фракциудынх нь хуваагдал байлаа.
2016 оны сонгуульд 35 суудалтай эрх барьж байсан намаа ялагдалд хүргэсэн З.Энхболдоос тамга С.Эрдэнийн гарт шилжиж ирсэн. Товчхондоо, Ардчилсан намын удирдлага “Шонхор”-оос “Шонхор”-т шилжсэн, хожмоо 2020 онд намаа ялагдалд хүргэсэн С.Эрдэнэ мөн адил тамгаа Ц.Туваанд хадгалуулаад явахдаа “Шонхор”-ын эрх мэдлийг Ардчилсан намд үргэжлүүлэх, хадгалах зорилготой байсан биз. Гэвч, Ц.Туваан нь “Шонхор”-оосоо ч, С.Эрдэнээсээ ч хэдийнэ урваад экс Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ын тамгыг “алчуур” болгож бэлэглэчих шахсан байдаг.
2020 оны парламентын сонгуульд өвдөг шороодсон С.Эрдэнэ нийгмийн анхаарлыг татсан нэгэн мэдэгдэл хийсэн нь “Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож чадаагүйгээс болж Ардчилсан нам ялагдсан” гэх үг. Үндсэндээ, Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын зөрчил үүнээс бүр өмнө, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ дээр хэлэлцэх үеэр олон нийтэд ойлгомжтой, ил тод болсон юм. Угтаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах М.Энхболдын улс төрийг С.Эрдэнэ дэмжиж байсан бол эсрэгээрээ Л.Болд, Ж.Батзандан нар эсрэг “кноп” дарснаар, АН-ын бүлэг тарж, сөрөг хүчинд хямрал нүүрлэсэн билээ. Энэ бүгдийг хөшигний араас экс Ерөнхийлөгч Х.Баттулга удирдсан, сценарийг нь бичсэн гэж С.Эрдэнэ харддаг, хэлдэг. Үнэндээ ч 2020 оны сонгуулийн өмнө С.Эрдэнийн намыг ялагдалд хүргэхэд экс Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригчдын талд үйлчилсэн. АН-аас нэр дэвшсэн С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг сонгуулийн санал хураалтын өмнө баривчлан хорьсон нь АН бол адгийн луйварчид, хулгайчид гэх ойлголтыг олон нийтэд өгчихсөн. Асуудал зөвхөн үүгээр зогсоогүй, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намынхан С.Эрдэнийнхээ эсрэг ажиллаж, улс төрийн өлсгөлөн хүртэл зарлаж байсан, энэ нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба Н.Алтанхуяг хоёрын хамтран найруулсан улс төрийн нэг акц байв.
Намын Их хурлаа хуралдуулж, дараагийн даргаа тодруулах даалгавартайгаар С.Эрдэнээс тамгыг нь хүлээж авсан Ц.Туваан ар хударгаар нь Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяртай нийлж өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр “завдсан”-ыг С.Эрдэнэ илрүүлснээ, мөн АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байгаагаа хэвлэлийн бага хурал хийх болгондоо хэлж ирсэн. Ямартай ч хэн хэн нь Л.Гантөмөр дээрээ нэгдэж, С.Эрдэнэ нь тамгаа, Х.Баттулга нь гэрчилгээгээ барьж ирснээр АН гэрээ засаж чадлаа. АН гэрээ засах нь МАН-д хүртэл ашигтай, Монголын ардчилал, аюулгүй байдлыг МАН дангаараа хамгаалж чадахгүй нь үнэн.
АН-ЫН ШИНЭ СЭРГЭЛТ
Монголын ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсны төрсөн өдрөөр АН-д өгсөн С.Эрдэнийн бэлэг нь тамга нь юм. Ардчилсан намын энэ удаагийн эвлэрэл механик нэгдэл гэхээсээ зовлон дээрх нягтрал гэж харагдаж байна. Учир нь, унах ёроолынхоо эцэст АН хүрсэн. Үүнээс цаашилбал Ардчилсан нам түүх төдий үлдэнэ. Өөрөөр хэлбэл, үүнээс цааш, түүнээс нааш хэрэлдэх, талцах цаг хугацаа Ардчилсан намд байхгүй, тэгээд ч 2024 оны сонгууль болоход ганцхан жил үлдсэн байна.
2023 оны нэгдүгээр сард Ардчилсан намын ҮБХ хуралдаж, Л.Гантөмөр 152 гишүүний саналаар Ардчилсан намын даргаар сонгогдсон ч гэрчилгээ нь Х.Баттулгад, тамга нь С.Эрдэнэд байлаа. Л.Гантөмөрийн хувьд С.Эрдэнэ, Х.Баттулгатай хэл ам ойлголцоход илүү амар байсан байх. Хэнтэй ч муудалцдаггүй нь Л.Гантөмөрийн давуу тал болсоныг үгүйсгэхгүй, С.Баярцогт хэрэвзээ АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Х.Баттулга цүнхэлж явсан гэрчилгээгээ аваачиж өгөхгүй байсан тодорхой. Ямар сайндаа л АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөд нь хаа байсан Өмнөд Солонгосоо ирээд С.Баярцогтын хэргийг цагаатгасан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн цэцэд өгөх билээ.
Л.Гантөмөр энэ сарын 7-нд, АН-ын 33 жилийн ойн өдрөөр Х.Баттулгаас авсан гэрчилгээ дээрээ нэрээ бүртгүүлсэн. Харин С.Зориг агсны төрсөн өдрөөр тамгаа гар дээрээ авсан. Түүний хэлсэн ялан АН хүн хөөдөггүй, урьдаг, Монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүр нь болсон улс төрийн хүчин байгаасай гэсэн хүлээлт өчигдрөөс нийгэмд бий боллоо. МАН засаглалын долоон жилд улс төрийн “Улаан ном”-д орох нь холгүйд байсан Ардчилсан намын эвлэрлийн энэ цэг Монголын ардчиллын ШИНЭ СЭРГЭЛТийн эхлэл байгаасай билээ.
Л.Гантөмөр намаа ЗАСЧ ЧАДЛАА! |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27