НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунтай sonin.mn сайт цаг үеийн сэдвээр ярилцжээ. Түүнийг хүргэж байна.
Таныг Монгол Ардын Намын гишүүнээс хассан шийдвэр хэвээрээ байгаа юу?
Хэвээрээ. Монгол Ардын Намаас гарсанд тооцсон гэдэг шийдвэр гарсан. Энэ нь гишүүнчлэлээ сэргээх эрх нь нээлттэй гэсэн үг. Нам бол хүмүүсийн үзэл бодлоороо нэгдсэн байгууллага шүү дээ. Түүнээс хэн нэгнийг хасдаг, хүчээр оруулдаг байгууллага биш.
Намаасаа хасагдсанаас хойш удирдлагуудтайгаа уулзсан уу?
Намын удирдах түвшний албан тушаалтнуудтай огт уулзаагүй. Намайг Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны хуралдааны шийдвэрээр хассан гэдэг. Би шийдвэрийг нь хэвлэл мэдээллээс олж үзсэн болхоос өөрийн биеэр гардаж аваагүй.
Хуучин намынхаа удирдлагуудтайгаа ярилцъя гэж бодсон уу?
Монгол Ардын Намаас гарсанд тооцсон шийдвэр гараад жил болж байна. Манай намын гишүүд, дэмжигчид, тойргийн иргэдээс маань намдаа буцаж орооч гэсэн санал, хүсэлтүүд их ирдэг. Одоогоор энэ талаар бодож, төлөвлөсөн юм алга.
Нийслэлийн Засаг даргад өрсөлдөөд та ялсан хэдий ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг батламжлаагүй. Үүний шалтгаан нь юу байсан юм бэ ?
Надад хэн нэгний өмнөөс тайлбар хийх эрх байхгүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын 43 төлөөлөгчөөс 24 нь намайг дэмжсэн. Гуч хоногийн дараа Ерөнхий Сайд намайг үндэслэлгүйгээр буцаасан. Түүнийг нь би ахиад өрсөлдөөд үз гэж байгаа юм байна л гэж ойлгосон. Тэгээд дахиж өрсөлдсөн.
Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?
Нийслэлийн ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүгнэдэг. Иргэд ч гэсэн өөрсдөө дүгнэж байгаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 онд Нийслэлийн Засаг Даргын ажлыг хангалттай гэж дүгнэсэн. Гэвч миний дүгнэж буйгаар бол хангалтгүй, дутагдалтай зүйлүүд их байна. Халаа сэлгээ, томилгоотой холбоотойгоор ажлууд ч цалгардаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга нь ганцаараа хариуцаж, гэрээ хийдэг болгож өөрчилсөн. Үүний улмаас хөрөнгө оруулалтын ажлууд 12 сард 45%-ийн гүйцэтгэлтэй байна. Шинээр томилогдсон дарга, удирдлагууд ажлын дадлага, туршлагагүй байна.
Мөн сайшаалтай зүйлс ч байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэл дээр нийслэлийн удирдлагаас хот доторх түгээлт, тээвэрлэлтийн асуудал дээр санаачлагатай ажиллаж байгаа ч шинэ зүйл гэдэг утгаараа бас л хангалттай биш байна. Тойргоороо явахад шахмал түлшний түгээлт хангалтгүй байна гэсэн гомдлууд их ирж байна.
Ер нь тэгээд эцсийн дүгнэлтийг иргэд л хийнэ шүү дээ.
Сүүлийн үед нийслэлийн удирдлагаас эргэж буцсан, иргэдийг бухимдуулсан олон шийдвэрүүд гаргалаа? Талбайн хамгаалалтын чулуунууд, замын төлбөр нэмэх гэх мэт. Мөн газрын маргаан ч нилээдгүй байна.
2017 оны 11 сард буюу Нийслэлийн Засаг дарга С.Батболдын үед Нийслэлийн орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэгийн өргөтгөлөөс бусад зориулалтаар газар олгохыг хориглосон.
Хуучин алдаатай шийдвэрүүдийг зас гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэрэгжихгүй байна. Дээр дурьдсан тооцоо судалгаагүй, төлөвлөлтгүй, иргэдийн саналыг тусгаагүй шийдвэрүүд дээр би байнга шүүмжлэлтэй хандаж ирсэн. Мөн 2019 оны 4 сард дэвшүүлж байсан 50 га газар дээр Хятадуудаар ногоо тариулах асуудал байна. Үүн дээр асуудал дэвшүүлж болиулсан.
Монгол Ардын Нам саяхан Н.Номтойбаярыг мөн намын гишүүнээсээ хаслаа. Өнөөгийн МАН-ын удирдлагуудын алдаа онооны аль нь илүү байна вэ?
Н.Номтойбаяр гишүүнийг намаас гарсанд тооцсон шийдвэр МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооноос гарсан. Үүнийг би, намын гишүүд, тэрбүү хэл намын дарга ч зөв, бурууг нь хэлэх эрх байхгүй. Хяналтын хорооны шийдвэр эцсийнх байдаг. Тийм учраас би зөв бурууг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд намын бодлогыг сөрж, Нийслэлийн Засаг даргад заалнаас бие даан нэр дэвшээд ялалт байгуулсантай холбоотойгоор намын гишүүнээс хасагдсан. Энэ бол намын хяналтын хорооноос гарсан шийдвэр. Намын удирдлагуудын алдаа оноог иргэд л дүгнэх байх. Иргэд ирэх сонгуулиар сонголтоо маш хариуцлагатай хийх ёстой. Хэрвээ сонголт зөв байсан бол сонголтоо үргэлжлүүлээд дэмжээд явах ёстой. Тааруу байсан бол хариуцлага тооцоод дараагийн хүмүүсээ сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол сонгогчдын мэдэх асуудал. Олонхоороо л шийднэ. Хувь хүний үзэл бодол биш.
Та УИХ-д нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Аль тойрогт дэвших вэ?
Би нам бус байна. Нийгмийнхээ болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд л улс төрд орсон. Тийм учраас зорилгынхоо төлөө явна. Эхний ээлжинд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд тойрогтоо хийсэн ажлаа иргэдээрээ дүгнүүлэх ёстой. Иргэдийнхээ санаа бодлыг сонсоно. Цааш нь дэмжих нь үү үгүй юу гэдгийг харах ёстой. Дэвшсэн тохиолдолд Сонгинохайрхан дүүрэгтээ л нэр дэвшинэ. СХД-ээс НИТХ-д сонгогдоод 4 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь СХД-ийн Тамгын газрын даргаар дөрвөн жил ажиллаж ч байсан.
Би өөрөө Сонгино Хайрхан дүүргийн хүүхэд. Манай дүүрэгт Монгол Улсын хүн амын 10% нь амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур маш олон иргэд амьдардаг. Санхүү эдийн засгийн хувьд татаастай байдаг. Дүүрэг бие даасан төсөвгүй гэх мэт олон асуудлууд байдаг учраас энэ бүгдийг шийдэх ёстой.
Танд улс төрийн намуудаас УИХ-д нэр дэвшээч гэсэн улс санал ирсэн үү?
Намдаа гишүүнээр элсээч, манай намаас УИХ-д нэр дэвшээч гэсэн олон санал ирж байна. Тэр бүрт нь тухайн намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргийг судалж байна. Одоогоор шийдээгүй байна.
Ярилцсанд баярлалаа.
С.Мөнхчулуун: Надад олон нам гишүүнээр элсэх санал тавьж байгаа |
|