УИХ-аар Аялал жуулчлалын багц хуулийн хүрээнд дөрвөн хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байгаагийн нэг нь Казиногийн тухай хуулийн төсөл юм. Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг уул уурхай, гурван хувийг мал аж ахуй, хоёр хувийг аж үйлдвэр, 0.002 хувийг газар тариалангийн салбар бүрдүүлдэг.
Засгийн газраас эдийн засгийн бүтцийг солонгоруулах зорилт дэвшүүлж, энэ дагуу Аялал жуулчлалын багц хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцүүж эхэллээ. УИХ-ын дарга болон зарим гишүүд урин дулаан болж, аялал жуулчлал сэргэх цагийг угтаж энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзэж буйгаа чуулганы танхимд илэрхийлсэн билээ.
Засгийн газар Казиногийн хуулийн төслийг тавдугаар сард батлуулаад, зуны цагт хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөж буй.
Казиногийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдаж, төсөл боловсруулсан бөгөөд улс орнуудын мөрдөж буй казиногийн хуулиудыг судалсан, тэр дундаа дэлхий дээр хамгийн либеральчлагдсан Макаогийн казиногийн хуулиас хуулбарласан гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шулуухан хэлнэ лээ.
Макао 2002 онд Казиногийн хуулиа баталж, 2006 онд Лас Вегасын казиногоос хоёр дахин их орлого олж эхэлжээ. Монголчууд ч Макаогийн казинод багагүй “хөрөнгө оруулалт” хийдэг нь нууц биш юм. Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар хамтарч монголчууд казинод сард хэчнээн төгрөг урсгаж байгаа тухай судалгааг хийж эхэлжээ.
Гадны нэр бүхий ганц л цахим казинод сард 20 гаруй тэрбум төгрөг өгч байна. Харилцаа холбооны зохицуулах газар Монголоос нэвтрэх эрхийг хаагаад байхад манайхан яаж ийгээд холбогддог. Гүйлгээ хийх эрхийг нь хаагаад байхад төлөөлөгч гаргаж, тийш нь мөнгө шилжүүлдэг” гэж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярьсан.
Тэгвэл Казиногийн хууль батлагдаж, Монголд казино байгуулбал монголчуудыг оруулахгүй гэнэ. Учир нь манайхан Макао, Солонгост очиж мөнгөө үрдэг. Бүр Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөсөө Макаогийн казинод уншуулсан тохиолдол гарсныг төсөл боловсруулагчид өгүүлсэн билээ.
Казиногийн хуулийн төслийг 2022.12.26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Казиногийн хууль бол улс оронд бодит хөрөнгө оруулалт авчрах сайн хууль, “үржил шимтэй” хөрс болох ёстойг төсөл боловсруулагчид онцолж байна. Хөшигийн хөндийг эдийн засгийн чөлөөт бүс болгох дэд бүтцийг Засгийн газар бүрдүүлж, казино байгуулах эрх зүйн орчин бүрдүүлж өгнө. Бодит хөрсөн дээр хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид казино байгуулах тусгай зөвшөөрөл олгоно гэж төсөлд тусгажээ.
Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах эрх зүйн орчин бүрдүүлснээр хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэхийн зорьж буй юм.
Гэхдээ казиногийн тусгай зөвшөөрлөөс бусад мөрийтэй тоглоом зайнаас буюу цахимаар зохион байгуулах эрх олгохгүй бөгөөд нийгмийн дэг журмыг хамгаалах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглохоор тусгасан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.
Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар тусгажээ. Мөн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгасан байна.
Төсөлд их хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй бол энэхүү хугацааг 10 жилээр сунгахаар тусгажээ.
Харин Казино эрхлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байна.
Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг ноцтой зөрчилд тооцохоор зааж дээрх зөрчлийг гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгалаа. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэх тухай заалт бий.
ТӨСЛӨӨС:
8 дугаар зүйл. Казино эрхлэгчид тавигдах шаардлага
8.1. Казино эрхлэгч нь казиногийн цогцолбор, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа болон бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.
8.2. Казино эрхлэгч нь казиногийн бизнесийг эрхлэхэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байна.
8.3. Казино эрхлэгч нь казиногийн үйл ажиллагаа явуулахдаа шударгаар өрсөлдөх бөгөөд давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, үйл ажиллагааг хязгаарлах, саад учруулахыг хориглоно.
8.4. Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.
8.6. Казиногийн цогцолбор нь дараах шаардлагыг хангасан байна:
8.6.1. олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий казиногийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх;
8.6.2. казиногийн үйл ажиллагаанд зориулсан олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрийн баталгаа бүхий зориулалтын казиногийн тоног төхөөрөмж, техник, хэрэгслээр хангагдсан байх;
8.6.4. зохион байгуулагчийн болон уулзалт, амралтын өрөө, олон нийтийн хэсэгт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж (камер) суурилуулсан байх;
8.6.5. тоглогчдоос мөрий, бэлэн мөнгө авах, хонжвор олгох мөнгөн кассын хэсэг, мөрийтэй тоглоом тоглуулж байгаа өрөө болон ширээ бүрт дуу-дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан байх;
8.7. Казиногийн тоглоом нь дараах төрөлтэй байна:
8.7.1. ширээний тоглоом;
8.7.2. автомат тоглоом, слот машин.
8.8. Казино нь Зөвлөлийн тогтоосон стандартыг хангасан, зохих нууцлал бүхий, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн Монгол Улсад үйлдвэрлэсэн, импортолсон мөрийнд хэрэглэх зориулалттай зоос, чип, тасалбар болон казиногийн тоглоомонд ашиглах зориулалттай хөзөр, шоог хэрэглэнэ.
8.9. Казинод тоглогчийг зээлээр тоглуулах, казиногийн цогцолборт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
11.2. Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно:
11.2.1. Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид тоглуулахаар удаа дараа мэдсээр байж нэвтрүүлэх, тоглуулах;
11.2.2. казиногийн тусгай зөвшөөрлийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх;
11.2.3. мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг казиногийн байгууламжаас гадна, эсхүл зайнаас зохион байгуулах;
Төсөлтэй бүрэн танилцах бол ЭНД дарна уу.
ТӨСӨЛ: Эдийн засгийг солонгоруулах итгэл хүлээлгэж буй Казиногийн хууль |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27