Даваа, 2024-11-25
Бан Ги Мүн Монгол Улсад ирж, жендэрийн асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их сургууль, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургууль хамтран зургадугаар сарын 13, 14-нд Улаанбаатар хотноо "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт зохион байгуулах болсон байна. Энэ талаар өнөөдөр /2023.06.12/ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА:

-Монгол Улс НҮБ-ын өмнө тогтвортой хөгжлийг 2030 он хүртэл хөгжүүлэх мөрийн хөтөлбөртөө жендэрийг эрх тэгш байдлыг хангах талаар өндөр зорилт тавиад ажиллаж байгаа. Өнгөрсөн жил энэхүү чуулга уулзалт БНСУ-д болоход уур амьсгалын өөрчлөлтийн талаар голлон хэлэлцсэн бол энэ жил жендэрийн эрх тэгш байдлын талаар яриа хэлэлцээ хийх юм. Энэ жил яагаад энэ яриа хэлэлцээг сонгож авсан бэ гэвэл өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиар жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар өргөн хүрээтэй, өмнөх жилүүдээс илүү амжилттай заалтууд яригдаж байгаатай холбогдуулан, жендэрийн эрх тэгш байдлыг хангах сэдвийг сонгож авсан.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийг эрхэлхийлж л байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд заавал ахиц дэвшил гарах ёстой гэж үздэг. Учир нь улс орнууд хөгжлөө хүний хөгжлөөр хэмждэг болсон учраас эмэгтэйчүүдийн оролцоо чухал байгаа. Ард иргэд нь хэр эрүүл байна, ард иргэд нь хэр боловсролтой байна, хүүхэд залуус нь хэр ёс зүй, төлөвшил,  өрсөлдөх чадвартай байна вэ гэдэг дээр дэлхийн улс орнууд өрсөлддөг цаг үед жендэрийн асуудлыг онцгойлон ярих болж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид оролцоно гэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Өнгөрсөн 2022 оны аравдугаар сард Номхон далайн улс орныг дамжсан тогтвортой хөгжлийн хэлэлцээ БНСУ-д болсон. Бан Ги Мүн сан санаачлаад, БНСУ-ын Засгийн газар, Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтраад зохион байгуулсан.

Монгол Улсад энэ жил зохион байгуулахдаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг болсон жендерийн асуудлыг голлон хэлэлцэхээр болж байна.  Covid-19 цар тахлын дараа дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдсэн гэх мэтчлэн, Ази Номхон далайн бүс нутгийн хувьд тулгамдасан асуудал болж байгаа учраас энэ сэдвээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Олон улсын эрдэмтэн судлаачид ирж байгаа, мөн Стэнфорд, Эва зэрэг их сургуулийн оюутнууд ирж байгаа. Дэлхий даяараа ийм том яриа хэллцээ явуулахад давхар эрдэмтэн судлаачдыг оролцуулах ёстой. Бодлогыг үнэлэхэд хувь нэмэр оруулдаг.

НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болгож, 2016 онд хамгийн түрүүнд баталсан улс орнуудын нэг. Гэтэл өнөөдрийг хүртэл уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах, ядуурлыг бууруулах жендэрийн эрх тэгш байдлыг хангасан оролцоог нэмэгдүүлсэн өмнөө тавьсан зорилтууд цар тахлын үед хойшилсон. Дэлхий даяараа тогтвортой хөгжлийг бүхий л бодлоготойгоо уядаг болсон. Тогтвортой хөгжил ба хот төлөвлөлт. Тогтвортой хөгжил ба хүнс хөдөө аж ахуйн бодлого гэж ярьдаг болсон. Гэтэл манай улсын олон бодлогод энэ нь хоцрогдоод байгаа нь харамсалтай. Хэрэв бид тогтвортой хөгжлийг зэрэг авч явж чадахгүй бол тун удахгүй Монгол Улс олон улсын байгууллагатай хамтран ажиллах, төсөл санүүжилтээр дэмжлэг авах, төсөл босгоход амаргүй болно.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг олон үзүүлэлтээр Монгол гайгүй үнэлгээ гардаг ч  үеэс үе дамжсан буюу тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлтээр муу байгаа. Жишээлбэл, боловсролын хүртээмж сайн хэрнээ чанар муу. Өр зээлийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт, нүүрс хүчлийн ялгарлал дээрээ тааруу байгаа нь Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилт дээрээ анаарах шаардлагатайг харуулж байгаа юм.

УИХ-аар жендэрийн тухай олон хууль хэлэлцэгдэж батлагдаж байгаа цаг үед Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм гэлээ.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж оролцож, чуулга уулзалтын хүрээнд “Алтай судлал”-ын асуудлаар эрдэм шинжилгээний хуралдаан, яриа хэлэлцээ өрнүүлэхээр төлөвлөж буйг мөн хэллээ.


Бан Ги Мүн Монгол Улсад ирж, жендэрийн асуудлыг хэлэлцэнэ
2023-06-12 13:53:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0