-Үер, усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг үүрэг болгов-
Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үерт автсан зарим газарт очиж нөхцөл байдалтай танилцаад УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Нийслэлийн зургаан дүүргийн 18 цэгт үерийн эрсдэл үүсчээ. Хойд чиглэлийн зуслангийн голын эрэг дагуух газрууд, Дарь-эх, Дамбадаржаа, Улиастай, “Алтай” хотхон, “S outlets” дэлгүүр орчим зэрэг нэн эрсдэлтэй найман цэг байна. Эдгээр газрын байршлыг олон нийтэд мэдээлж урьдчилан сэргийлэх ажлыг хийгээд байгаа аж. Өнгөрсөн шөнө гэхэд холбогдох байгууллагуудын 700 гаруй алба хаагчид эдгээр газар болзошгүй эрсдэлээс сэргийлэн бэлэн байдлыг ханган ажиллажээ.
Өнөөдөр өглөө Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн нь одоогоор хамгийн хүндрэлтэй бүс болжээ. Голын голдирлыг шахаж “S Outlets” дэлгүүр барилга барьсан нь энэ хэсгээр далан сэтрэх нөхцөл үүсгэсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 300 гаруй алба хаагч энд ажиллаж байна. Мөн үерийн хор уршгийг арилгах, далан өргөтгөх, босгох, шороо тээвэрлэх зэрэг ажил ид өрнөж, онцгой, цагдаа, зэвсэгт хүчний анги, инженерийн байгууламж хариуцсан байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, арав гаруй техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ерөнхий сайдад танилцууллаа.
Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ болон Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очлоо. “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж. 20О8 онд анх “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд олгодоггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийх, батлан хамгаалах, хууль сахиулах их, дээд сургуулиудын оюутнууд болон орон нутгийн мэргэжлийн бусад байгууллагуудыг дайчлан ажиллуулахыг УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг болгов.
Ерөнхий сайд үерийн бүсэд ажиллаж УОК, НОК-ын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27