Даваа, 2024-11-25
Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэрээ тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.  

Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж буй бөгөөд барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. 

Одоо үйл ажиллагаа явуулж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн барилга нь 1979 онд ашиглалтад орсон. 160 орны хүчин чадалтай ч өдгөө 200 гаруй ортойгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн удирдлагууд цаашид хуучин нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэйг байгаа гэв. Тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага өндөр бөгөөд эмч, сувилагчийн харьцаа улсын дунджаар 1:1.2 байдаг бол Архангайд 1:1.4 байна.

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлын бүс болох Булганхангай хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай -1, 2 хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцны газар олголт хийгдээд байгаа аж. Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоологдсон ба хотын орон сууцны хангамж 45 хувиар нэмэгдэнэ гэж үзжээ. Өнөөгийн байдлаар аймгийн 80 гаруй хувь гэр хорооллын бүс байгаа аж.  

Дээрх 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд Булганхангай-2 хороолол энэ оны арван нэгдүгээр  сард ашиглалтад орно. Булганхангай хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, Усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр, аймгийн Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, аймгийн Прокурорын газар, 600 хүний суудалтай Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ий худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ. 

Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь дулаан хангамж. Дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани тул шинээр ашиглалтад орж буй аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг хангахад хүндрэл үүсдэг байна. Иймд дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ. 


Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа
2023-09-18 14:23:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0