Сүүлийн үед нийгмийг талцуулаад байгаа хүний эс, эд, эрхтэн шижлүүлэн суулгахтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023.09.18/ мэдэгдэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл гарсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтыг эхлүүлсэн. Албан ёсны дүгнэлт гарч, үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэг буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар тэнцвэртэй мэдээллийг та бүхэнд өгөх болно. 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэж, өдгөө 58 хүний амь насыг аварсан байна. Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шижлүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй, 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтэний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй. Тиймээс энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болсон гэж үзэж байна. Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь амаргүй нөхцөл байдалд явагддаг. Нийгмийн сүлжээгээр “зүрх нь зогсоогүй амьд хүн”-ээс эд, эрхтэнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна. Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг. Үүнийг амьд байхад нь хүний эд, эрхтнийг авсан мэтээр ташаа ойлголт төрүүлж болохгүй. Харин шөрмөс мэтийн судасжилтгүй эдийг амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогссоны дараа авч, шилжүүлэн суулгаж болдог тул аппаратыг салгаж, зүрх зогссоноос хойш ч гэсэн эс, эд, эрхтэн авах ажилбар тодорхой хугацаанд үргэлжилдэг. Энэ удаагийн тохиолдолд тухайн өдрийн 21:57-д донорыг аппаратаас салгаж, зүрх зогссон ч судас, шөрмөс зэрэг эдийг авах ажилбар үргэлжилсэн гэсэн үг. Аппарат салгаж, донорын зүрх зогссон цагийг ар гэрийнхний хүсэлтийн дагуу мессежээр мэдээлдэг нь шашны зан үйл гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. Энэ удаагийн тохиолдол бидэнд амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харууллаа. Юуны өмнө нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарч амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүний тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно. Мөн Донорын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрвөн журмын зохицуулалтыг нарийвчилж, шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай байна. Энэ чиглэлээр холбогдох албаны хүмүүст үүрэг өгч, ажиллуулж байна. Цаашид амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой аливаа асуудалд ул суурьтай хандаж, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулсны дараа тэнцвэртэй мэдээлэл түгээж байх нь чухал байна. Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд донор болохоос татгалзаж, донор олдохгүйд хүрэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд саад тотгор учрах, эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шантарч, хүний нөөцийн хомсдолд орох асар их сөрөг үр дагавартай гэдгийг хэлмээр байна. Бид донороос авсан эд, эрхтнийг бүрэн ашиглан гурван хүний амь насыг аварч, 6 хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн. Эдгээр бүх эмчлүүлэгч нарын биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа. Олон хүнд амьдрал бэлэглэсэн донор, түүний үр хүүхэд, ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж байна. Зөрөөтэй мэдээллийн улмаас нийгэмд бухимдал үүсгэсэнд ард иргэдээсээ уучлал хүсч байна" гэлээ.
С.Чинзориг: Зүрх нь зогсоогүй амьд хүнээс эд, эрхтэнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл |
|