Ням, 2024-11-24
“Ногоон автобус”-ны хэрэг том бодлогоо нураах вий

Арай л дэндэнэ гэмээр “топ луйвар”-ын гэрч нь та бид болчихоод сууж байна. Хохирогч нь Монголын ард түмэн бүхэлдээ. Өнгөрсөн долоо хоногоос үнэн нь тодорч эхэлсэн “Ногоон автобус”-ны асуудал өнөөдөр ҮАБЗ-ийн хуралдаан дээр яригдах хэмжээнд очжээ. Аргагүй юм.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал нь өвөлдөө утаа байдаг бол улирал харгалзахгүйгээр түгжрэл байсаар ирсэн. Тэгвэл замын түгжрэлийн түгжээг тайлах түлхүүр нь нийтийн тээвэр. Дулаан, тохиолог, цэвэрхэн, аюулгүй нийтийн тээвэртэй болж байж иргэд автомашинаас илүү автобусаар зорчино. Ийм л энгийн логиктой.

Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар замын түгжрэлийг бууруулахын тулд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Анх удаа Засгийн газар түгжрэлийн сайдыг томиллоо. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга нь Ж.Сүхбаатар. Мөн УИХ, Засгийн газраас анх удаа аль ч Засаг даргад өгч байгаагүй хуулийн эрх мэдэл хийгээд хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг хотод гаргаж өглөө. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, хотод бонд гаргах эрхийг хүртэл нээж өгчихөөд байна. Тун удахгүй цан цохих 500 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийн тодорхой мөнгөөр нийслэлийн тойрог замуудыг байгуулахад хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлд ч тодорхой хэсгийг нь зарцуулна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд УИХ, Засгийн газар маш олон ажлууд санаачилж, хөрөнгө санхүүгээр ч хангалттай дэмжиж байна.

Гэвч... Ийм хэмжээний боломж дээр сууж байгаа ажил хариуцсан хүмүүсийн алдаа эцэстээ том бодлогоо нураан унагааж байна. “Ногоон автобус”-ны но-г дэлгэсэн нь эрх мэдэл, албан тушаалтнуудын ажилдаа хандах хандлагыг, магадгүй маш олон луйврыг дэлгэх эхлэл боллоо.  

Ер нь яагаад автобус авах асуудлыг нууцын зэрэглэлд хамааруулав, яагаад “Тэнүүн огоо” компанийг сонгов, яагаад Солонгосын биш, Вьетнамаас автобус авчрав, яагаад шинийн үнээр хуучныг оруулж ирэв, яагаад хэний ч танихгүй хоёр солонгосоор уучлал гуйлгав... Яагаад, яагаад гээд олон асуулт “Ногоон автобус”-ны хэрэг цаанаа олон “но”-г нууж байгааг харуулаад байгаа юм.

Энэ бүхэн тун удахгүй дэлгэгдэх биз. Эрх бүхий байгууллагуудаас буюу АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас одоогоор 20 гаруй хүнээс байцаалт авсан мэдээлэл байна. Мөн “Тэнүүн огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг урд шөнө цагдан хорьжээ. Мөн АТГ-аас “Тэнүүн огоо” ХХК-ийн санхүүд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн шалгалт хийж, бүх мөнгөн гүйлгээг нь нягталж байна.

Тэгэхээр тун удахгүй энэ хэргийн цаадахь үнэн, худал нь ус, тос шиг ялгараад ирэх байх. Одоогоор ажил хариуцсан хамгийн том албан тушаалтнууд болох Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар чанарын шаардлага хангаагүй автобусыг буцаан тат гэсэн мэдэгдэл өгөөд байгаа. Мөн Ж.Сүхбаатар сайдын суудлаасаа огцрохоо мэдэгдээд байна. Гэхдээ энэ мэдэгдэл нь тэднийг зөвтгөх үндэслэл биш. Авлига, албан тушаалын гэмт хэрэг байхгүй байлаа гэж бодоход ч төрд алба хашиж буй дарга, даамлууд төсвийн хөрөнгийн зарцуулалт дээр хэрхэн хайнга, назгай ханддагийн том жишээ нь “ногоон автобус” боллоо. 

Ер нь Улаанбаатар хотын нийтийн тээвэр тойрсон энэ сэдэв нийгмийн анхааралд ийм хүчтэй орж ирсэн үед цэгцлэх ёстой гэсэн санааг ч бас дэвшүүлье. Байс гээд л зам дээр автобус шатдаг, автобусны өнгө үзэмж, үнэр танар гээд авах юмгүй байхад л үйлчилгээнд гаргаад байдаг гээд олон зүйлс монополь хоёр гуравхан компанитай л холбоотой явсаар ирсэн. Жишээ нь, энэ удаагийн гол дүр болчихоод байгаа “Тэнүүн огоо” компани л гэхэд ардаа улстөрчдийн оролцоотой, асуудал гарах болгонд монополь байдлаа ашиглан хүч түрсээр ирсэн гэдэг. Энэ удаад ч бас ийм компанид татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулах эрхийг олгочихсон байгаа нь хардлага төрүүлж байна.

Ногоон автобусыг захиалсан, шууд сонгосон, худалдан авалт хийсэн, шахсан гээд ер нь бүх хүн эцсийн дүндээ хариуцлага хүлээх ёстой. Нийгэмд ингэж том сенсаац тарьсан топ гэж болохуйц луйврыг хууль, хяналтын байгууллага зүгээр өнгөрөөхгүй биз. Харамсалтай нь энэ бүхний эцэст Улаанбаатар хотын иргэд л хохироод үлдэх нь. Уг нь энэ автобуснууд олон улсын стандарт хангасан, зарцуулсан мөнгөндөө дүйсэн чанартай эд байсан бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн бараг 50 хувь нь хийгдчих байсан. Түгжрэл ч тодорхой хэмжээгээр буурах байв. Гэвч хотынхны хөл залгах унааны мөнгө хоёр, гуравхан хүний хариуцлагагүй байдлаас болж ийм байдалд хүрэх гэж.


“Ногоон автобус”-ны хэрэг том бодлогоо нураах вий
2023-10-02 14:13:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0