Засгийн газар өнөөдөр /2023.10.04/ хуралдсан билээ. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн эхэнд дараагийн хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар томилогдохоор болсныг онцлов.
Тэрбээр "Засаг дарад өөрчлөлт орж, бодлогын өөрчлөлт хийхээр болсонтой холбоотойгоор шинээр томилогдох засаг дарга түгжрэлийг бууруулахад бодитой шийдлийг гаргаж ажиллах, нүүрсний зохистой хэрэглээг нэвтрүүлэх, агаарын бохирдол бууруулахад анхаарах чиглэлийг өглөө.
Мөн газар зохион байгуулалт тэргүүтэй олон нийтийг бухимдуулсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, цаашид алдаа дутагдал давтагдахгүй байхад чиглэж ажиллахыг үүрэг үүрэг болголоо. Түүнийг энэ албан тушаалд томилсноос нь иргэдэд ээлтэй байлгахын тулд бүтцийг өөрчилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээв.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Х.Нямбаатар сайд Хотын сайдын албыг давхар хаших уу, эсвэл одоогийн албан тушаалаа хүлээлгэж өгөх үү?
-Х.Нямбаатар сайд Засгийн газрын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын даргын албан тушаалыг дангаар гүйцэтгэнэ. Гэвч Засгийн газраас шийдвэр гаргаж, нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч байдлаар ажиллах нөхцөлийг бий болгоё хэмээж байгаа. Төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яамдын түвшинд анхаарч ажиллаж байгаа.
-Түгжрэлийн сайдын орны хүнийг сонгох уу?
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөгдөж байгаа ХЗДХЯ-ын дараагийн удирдлагыг хэлэлцэх юм. Түүнчлэн Түгжрэлийн сайдын орны хүнийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
-Х.Нямбаатар сайдын хариуцаж байгаа томоохон ажлуудыг хэрхэх вэ?
-Х.Нямбаатар сайд томоохон ажлын хэсгүүдийг ахалж, ажиллаж байгаа. "Оюу Толгой"-н гэрээ, уран олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах гэрээ, 5Ш ажиллагааг ч хариуцаж байна. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд эдгээр ажлуудыг салбар хариуцсан сайдууд чиг үүргийнхээ дагуу хариуцаж ажиллахыг үүрэгдсэн. Дараагийн ХЗДХ-ийн сайд нь үндсэн чиг үүргийг нь хариуцаж явна.
-Ажлаа өгсөн Хотын даргыг шалгах уу?
-Одоогийн байдлаар улс төрийн намын албан тушаалтай холбоотой асуудал яригдаагүй байна. Д.Сумъяабазарын хувьд бол ёс зүйн хариуцлага хүлээж байгаа гэдгээ илэрхийлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн процесст алдаа гарсан учраас хариуцлага хүлээсэн. Түүнээс биш авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ажлаа өгөөгүй.
-"Тэнүүн-Огоо" компанитай таны өрөөнд уулзсан гэж мэдээлсэн шүү дээ?
-Нэгт, өнгөрсөн жил Засгийн газраас түгжрэлийг бууруулах олон талт арга хэмжээг авч ажилласан. Ерөнхий сайд манлайлсан. 2008 оноос автобусны паркийг шинэчлээгүй. Нийтийн тээвэрт явж байгаа автобус есөөс дээш жил зорчих эрхгүй байсан. Тиймээс энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Улсын төсөвт төсөв суулгаж байсан юм. Засгаас автобус бааз дээр ажилласан.
Төр хувийн хэвшил энэ ажлыг хамт хийхээр болсон. Улмаар парк шинэчлэл дээр хамтарч ажиллах компани, байгууллагууд манай өрөөнд нэг удаа хуралдсан. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ажилласан нь энэ. Нийтийн тээврийг либералчлах Ж.Сүхбаатар сайдын ажил цааш үргэлжилж чадаагүй. Яагаад энэ ажил зогссон талаар надад мэдээлэл өгөөгүй. Тиймээс надад хэлэх тайлбар алга. Тиймээс Ж.Сүхбаатар сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл рүү шилжүүлсэн юм билээ.
Миний хувьд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягтай нэг ч удаа уулзаж үзээгүй. Харин манай өрөөнд холбооны тэргүүн гэдэг утгаараа уулзсан юм билээ. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай юм шиг байна билээ. Мөн Дарханаас гарсан гишүүд маань дэмждэг гэх мэдээллийг би саяхан авсан. Тиймээс нарийн учрыг мэдэхгүй.
Автобустай холбоотойгоор тендер эсвэл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нь цэг ч тавьж оролцоогүй. Намайг зориудаар автобустай холбож бичиж байна. Та бүхэн намайг яаж ч холбохоор оролдсон байлаа ч сэжим гарч ирэхгүй.
-З.Төмөртөөмөө орлогчийн асуудлыг ЗГХЭГ-аас шалгаж байгаа гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Тэр шалгалтын дүн над дээр ирээгүй байна. Өргөдлийн дагуу шалгаж байгаа.
-Тендертэй холбоотой асуудалд дэлгэрэнгүй тайлбар өгвөл?
-Автобусны тендертэй холбоотой асуудалд оролцсон хүмүүс өөрсдөө тайлбараа хийх хэрэгтэй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Уначихаад намайг хэн унагав гээд хайгаад байж болохгүй. Хилээр орж ирсэн автобуснуудыг би дундаас нь солих боломжгүй шүү дээ. Аливаа асуудал бүрийг улс төр болгож, өөрсдөдөө давуу байдлыг олж авдаг байж болохгүй юм. Илүү ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцсан ажлаа хийдэг байхад анхаарч байгаа.
Нэг зүйлийг хэлье. Намайг сүүлийн үед нүүрсний "Адмирал" компанитай холбож, гүтгэж байна. Алгын чинээ цаасан дээр нотлох баримтгүй мөртлөө намайг холбож байна. Сүүлдээ гэр бүлийн хүнийг маань ч нүүрс тээврийн компанитай гэж мэдээлсэн байна билээ. Би та бүхний хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Миний бие уг компани болон бусад асуудалтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Шалгуулахад бэлэн байна.
Х.Нямбаатар хотын даргыг дангаар гүйцэтгэнэ |
|