Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний дагуу иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарсан хуулиудыг аудио хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой аж.
Иргэн та Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудасны ЦАХИМ ПАРЛАМЕНТ цэснээс Парламентын подкаст-ыг сонгож, Аудио хууль буланд байршуулсан Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг зүйл тус бүрээр, эсхүл бүхэлд нь сонсох боломжтой.
Парламентын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн оролцоог хангах нь Улсын Их Хурлын үнэт зүйлс юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн энэ заалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж, Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, саналаа хэлэх боломж хуульчлагдсан байх явдал юм. Энэ үүднээс Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай анхдагч хууль батлагдсан юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “хянан шалгах” үндсэн чиг үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” зорилгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
УИХ-аас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ |
|