Ням, 2024-11-24
Том хэргүүдийн шүүх хурлын өмнө Ц.Элбэгдорж, М.Энхболд нар уулзаж юу ярив

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МАН-ын дарга асан М.Энхболд нар "Хар зүрхний хөх нуур"-т уулзсан гэх. Тэд шашны тахилгын зан үйл хийх байдлаар уг байршилд "уулзжээ". Хөшигний ард яригдаж буйгаар сүүлийн саруудад тэд хэд хэдэн удаа нууц байдлаар уулзсан гэгдэж буй.

МАН болоод АН дотор үеийн мораль солигдох процесс хүчтэй өрнөж буй ийм үед хуучнаар МАН+АН бүлэглэлийн тэргүүнүүд уулзаж буй нь залуусынх нь анхаарлыг зүй ёсоор татжээ. Учир нь, монголд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойших өмч хувьчлалын зарим кэйсүүдээ улс төрийн хүрээнд анхаарал татсаар ирсэн хэргүүдтэй хавсарган шүүхээр хүлээгдэж буй.

Тодруулбал, Хөтөл цементийн үйлдвэрийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг "Эрдэнэт үйлдвэр"-ын 49 хувийг Оросоос оруулж ирсэн кэйстэй хамтатган, төрийн ба хувийн хэвшлийн 20 орчим хүнд хамаарах хэрэг шүүх рүү шилжсэн.

Үүн дотор Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сууж, нэгэн насаараа өөрсдөдөө хуулийн хамгаалалт үүсгээд байсан Д.Сугар /линк/,Ц.Нанзаддорж нар хүртэл багтсан.

Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэргийг шүүхээр ялласан тохиолдолд тухайн үеийн ЗГ-ын тэргүүн, төрийн давуу байдлаар худалдан авах эрхээс УИХ-аас асуухгүйгээр шуудхан татгалзсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг логикоороо буруутгагдах үндэслэл үүснэ. Цаашлаад чуулганы хуралдааны танхимд "Эрдэнэт бол нөөц нь дуусч байгаа уурхай" хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрх ашгийн маш том хамааралтай нь илчлэгдэхээр нөхцөл байдал үүсэх юм.

Шүүхээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ялласан тохиолдолд Оросууд /линк/ хэлцлээ буцаах нэг томоохон эрсдэл бий. Үүн дээр нэмэгдээд гадны оронд дүрвэж яваа Ч.Сайханбилэг бүр мөсөн зугтахаас аргагүйд хүрч, дотоодод М.Энхболд, Ц.Элбэгдорж нар луу чиглэсэн бусад шалгалтууд гүнзгийрээд орчих эрсдэлтэй.

Яг ийм үетэй зэрэгцээд тэдний эрх ашгийг нэгтгэх голлох холбоог хийж байсан Т.Бадамжунайн хэрэг боогдон, Т.Аюурсайхан тэргүүтнүүд нүүрсний хэргээр яллагдаж, Х.Нямбаатар М.Энхболдын үеэс бэхэжсэн гэх хотын мафийг задална гэдгээ зарлачхаад байна. Тэгэхээр эрх баригч нам төдийгүй АН доторх уур амьсгалд ч эдгээр шүүхийн процессууд гүнзгий нөлөөлөхөөр харагдаж байгаа.

Улс төрийн нөхцөл байдал ингэж "халах" үеэр М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын нууц уулзалтуудаар чухам ямар эрх ашиг яригдав. Тэд юу тохирсон бэ. Хэрхэн хөдлөх вэ гэдэг нь ихээхэн анхаарал татах асуудал юм. Мөнхүү тэдний ойрын хүн болох АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт өнөөгийн Ерөнхийлөгчтэй жигтэйхэн олон уулзалт хийж буйг хөшигний ард хачирхан харж буй.

Г.ИТГЭЛ


Том хэргүүдийн шүүх хурлын өмнө Ц.Элбэгдорж, М.Энхболд нар уулзаж юу ярив
2023-10-24 20:41:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0