Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа. Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17,682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15,227 албан хаагч одоо ажиллаж байгаа юм.
Мөн гэрэлтүүлгээ асааж чадахгүй байгаа, удаан хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найман аж ахуйн нэгж, байгууллагаас гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байсан Хан-Уул дүүргийн “Новел нетворк” ХХК-д "Гэрэлтүүлгийн ашиглалтыг шилжүүлэх" мэдэгдлийг хүргүүлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авна. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.
Дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулах ажил эхэлж байна
Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд 10 эрүүл мэндийн байгууллагыг хот төлөвлөлттэй уялдуулан байгуулах асуудлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Ажлын хэсэг байгуулагдан, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж үйлчилгээг 10 эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх саналыг боловсруулаад байна. Зарим дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулах ажил эхэлж байна. Төрөлжсөн төвийн зохион байгуулалтаар төлөвлөлтөө хийхээр болсон. Тухайлбал, Гэмтэл, сэргээн засах чиглэлийн эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт, Харвалт, шигдээсийн төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт, Хөнгөвчлөх төвийг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт, Хордлого, яаралтай тусламжийн төвийг Баянгол дүүрэгт, Гемодиализийн төвийг Хан-Уул дүүрэгт байгуулах саналыг гаргаж, Ажлын хэсгээс санал авч байна хэмээлээ.
“Сэлбэ сэргэлт” төслийн хэрэгжилтийн явцын талаар “Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Сэлбэ сэргэлт” төсөл тавдугаар сараас эхэлж, ажлын зураг, ТЭЗҮ нэгэн зэрэг явж байгаа бөгөөд 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Шугам сүлжээ шилжүүлэх, трассын давхцал хүндрэл учруулж байгаа. 21.6 км трассыг гурван үе шаттай хэрэгжүүлж, багц нэг, хоёрыг хүлээлгэн өгөхөд бэлэн болж буй” гэв.
Давсны 4145 тонн, бодисын 2759 тонн нөөцтэй |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27