Ням, 2024-11-24
Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.30) Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой уузаж байгаадаа баяртай байна гээд Европын Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүн зорилтын нэг бөгөөд ардчилал, хүний эрх болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш гэж үздэг гэдгийг онцлов.



Тэрбээр, хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлж, энэ хүрээнд Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг танилцуулаад удаагүй ч иргэд, залуусын идэвх оролцоо маш өндөр байгаа талаар товч мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын зөвлөлдөх механизмд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгдөг. Парламент хоорондын уулзалт зөвлөлдөх механизмын хувьд цаашид ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалт, шинэчлэлийг хийхэд манлайлан ажилладаг гэдгийг Европын Парламентын гишүүд сайн мэддэг болохыг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй ил тод, нээлттэй байдлын тод жишээ болсон d.parliament.mn цахим шилжилтийг Европын Парламентын зүгээс дэмжиж байгаагаа хэлж, цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.



Саяхан зохион байгуулагдсан Чех хэлний олимпиадад Монголын хүүхдүүд өндөр амжилт гаргасныг дурдаж, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа мөн дуулгав. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Уг уулзалтаар зөвхөн хүний эрх, сонгуулийн тухай хууль зэрэг асуудлыг хөндөөд зогсохгүй, талууд байгаль орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөөд буй талаар мэдээлэв.

Талууд парламентын ардчилал, хүний эрх, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Ил тод нээлттэй D-Parliament платформ, УИХ-ын цахим шилжилтийг Европын Парламент дэмжиж буйгаа илэрхийлэв
2023-10-31 09:46:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0