Ням, 2024-11-24
Багт баярыг хүргэе!

500 сая ам.доллар. Төв банкны ханшид хөрвүүлж тооцвол 1.7 их наяд орчим төгрөг. Ийм хэмжээний мөнгөтэй дүйцэх бондын төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банк төлж дуусгаснаар гадаад зах зээл дэх нэр хүндээ сэргээснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгджээ. Сайн мэдээ юу? гэвэл мэдээж тийм. Бүр сайн мэдээ. 2018 оны аравдугаар сард Хөгжлийн банкнаас Засгийн газрын ямар нэгэн баталгаагүйгээр олон улсын зах зээлээс 500  сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай жилийн 7,25 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс босгож байлаа. Тухайн үед хөрөнгө оруулагчдаас төлөвлөсөн хэмжээнээс найм дахин их буюу 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн ч анхны үнийн дүнгээр арилжаалсан түүхтэй. Үндсэндээ Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл ийм хэмжээний нэр хүндтэй байсан хэрэг. Гэвч эл нэр нүүр дөрөв хүрэхгүй жилийн дотор шалаар нэг тарж, банкаа татан буулгаад зогсохгүй улсаа дефолтод оруулах эрсдэлтэй тулсан нь ердөө нэг оны өмнөх үйл явдал.

Шалтгаан нь 3.2 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдлээс 1.8 их наяд нь чанаргүй ангилал руу шилжсэнтэй холбоотой. Зээл авсан, өгсөн бүх баримт нь он, сар, өдөртэйгөө цагаан дээр хараар бичсэн нь бүгдийн нүдэнд ил байсан ч дийлэнх нь улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын хамаарал бүхий компаниудад хамаарч байсантай холбоотой. Банкаа дампууруулж, олон улсад дефолт зарлах нь Монгол Улсад хохиролтой, хамгийн хүнд тусах учраас Засгийн газар нь үүнтэй эвлэрэхийг хүсээгүй. Хөгжлийн гэхээсээ улстөрчдийн, тэдэнтэй хамаарал бүхий бүлэглэлийн бизнесээ бойжуулах инкубатор, кассын машин болтлоо “жижгирч” бас тонуулсан банкны удирдлагыг өөрчилж, нэн тэргүүнд олгосон зээлийг буцааж төлүүлж, төвлөрүүлэх акцыг өрнүүлсэн.

Парламентын түвшинд ч Түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулсан. УИХ-ын дөрвөн гишүүн тэргүүтэй 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал ч болсон. Зарим нь ялсан сонссон. Эцэстээ чанаргүй ангилалд багтсан 1.8 их наядын зээлээс 1.3 их наядыг нь буцаан төлүүлж чадсан. Их, бага гэлтгүй зээлийн эргэн төлөлтийг одоо ч хийж буй нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүн. Хөгжлийн банкны баланс сайжирч, үйл ажиллагаа нь тогтворжих гол үзүүлэлт.

Удахгүй, сар хүрэхгүй хугацааны дараа “Самурай” бондын 30 тэрбум иенийг төлөх хуваарь Хөгжлийн банкны хуанлийн хуудаст бий. Ойролцоогоор 250 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн дүн. Саяын төлж дуусгасан бондоос даруй хоёр дахин бага төсөвт эзлэх тоон үзүүлэлтээр жин дарна, бараг их наяд орчим. Гэхдээ төсвөөс, татвар төлөгчдийн халааснаас гэхээсээ өөрсдийн эх үүсвэрээр төлөхөөр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай Сангийн сайд онцолсон байна лээ. Өөрөөр хэлбэл, “Самурай” бондыг хаахад банкандаа ч, улсын төсөвт ч ямар нэгэн байдлаар дарамт учрахгүй нь. Үндсэндээ Засгийн газраас шуурхай арга хэмжээ авахын хажуугаар бүтэн жилийн турш өрнүүлсэн буюу Хөгжлийн банк дээр фокусласан акц бодитоор "бай"-ндаа туссаны баталгаа нь 500 сая ам.долларын өрийг хааж, залгуулаад "Самурай" бондын төлбөрийг бүрэн төлж дуусгахаар бэлтгэж ажлыг хангаж буйгаас тодорхой харагдаж байна.

Гагцхүү өмнөх алдаагаа давтахгүйн тулд одоо байгаагаа засч сайжруулах нь зүй ёсны шаардлага гэдэг нь Хөгжлийн банкнаас бидэнд үлдсэн сургамж. Тэр нь хүн биш хууль засагладаг байх хариуцлагын тогтолцоог хаа хаанаа хэвшүүлэх тухай ойлголт. Харин түүнд нь улс төрийн манлайлал бас эр зориг гол хөшүүрэг болох учиртай. Зээл авсан бол төлөх ёстой, түүнд нь Улсын Ерөнхийлөгч, сайд, халдашгүй дархан эрх ямбатай УИХ-ын гишүүн байсан ч хууль дуудаж, шүүхийн өмнө очдог юм шүү гэдгийг харуулж, сануулсан нь Хөгжлийн банкнаас үлдсэн хамгийн том сургамж. Хийе, хэрэгжүүлье гэвэл болдог, болгодгийн хамгийн бодит бөгөөд том жишээ нь учраас. Хэрэвзээ Засгийн газар нь шүгэл үлээж, Ерөнхий сайд нь улс төрийн манлайлал үзүүлж, тэр хэрээрээ нийгмийн дэмжлэгийг хүлээгээгүй бол өнөөдөр Хөгжлийн банк байх, байхгүй тухай халаглаад суух байсныг үгүйсгэхгүй. Тиймээс л багт баярыг хүргэе гээд байгаа юм! 

С.Сүлд

 


Багт баярыг хүргэе!
2023-11-01 16:54:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0