Даваа, 2024-04-29
Б.Лхагвасүрэн: Банкуудыг хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болгохыг зорьж байна

Монголбанкнаас “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол, практикзийн бага хурлыг өнгөрсөн лхагва гарагт “Блю скай” зочид буудалд зохион байгууллаа.  Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй банкны салбарын шинэчлэл болон бусад асуудлаар ярилцлаа.

-Манай банкны системийг олон стандартад нийцүүл гэсэн шахалтыг Олон улсын байгууллагууд үзүүлж байгаа. Чухам юуг шинэчлэх шаардлагатай вэ. Манай банкны салбарт болохгүй байгаа зүйл нь юу байна?

-ОУВС-гийн хөтөлбөр Монголд Улсад хэрэгжиж байгаа. 2017 оны тавдугаар сард эхэлсэн. 2020 оны тавдугаар сард дуусна, гурван жилийн хугацаатай хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс банкныхаа салбарт Европын төв банкны баталсан активын чанарын үнэлгээ гэдэг аргачлалаар онош тавь гэсэн нөхцөл тавьсан. Энэ дагуу 2017 онд активын чанарын үнэлгээг хийсэн.  Үнэлгээний үр дүнгээр банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацааг ч өгсөн. 2018 оны эцсээр өөрийн хөрөнгөө нэмсэн банкууд ч байсан. Нэмээгүйд нь хуулийн дагуу арга хэмжээ авсан. Та бүхэн мэдэж байгаа байх, өөрийн хөрөнгөө нэмж чадаагүй “Капитал” банкийг татан буулгасан. Өөрийн хөрөнгөө нэмсэн банкуудын хувьд нэмэлт тодруулга шаардлагатай байсан. Нэмсэн эх үүсвэр нь хуулийн дагуу юу. Банкны дүрмийн санд оруулж болох мөнгө үү гэдгийг хөндлөнгийн үнэлгээгээр шалгуулахаар Олон улсын нэр хүнд бүхий нягтлан шалгах аудитын компанийг ажиллуулсан. Нягтлан шалгах аудитын компанийн хийсэн шалгалтын үр дүнгээр хөрөнгөнийх нь гарал үүсэлд мөнгө угаах, терроризмтэй холбоотой асуудал байхгүй байна. Гэхдээ хууль, эрх зүйн хувьд тодруулах шаардлагатай асуудал байгаа гэж үзсэн. Тиймээс тодруулж шалгах ажлаа хийгээд явж байна. Энэ үүднээс ОУВС банкны салбар эдийн засгийнхаа өсөлтийг дэмжихийн тулд өөрөө чадавхижих ёстой. Чадвартай болохын тулд тодорхой хөрөнгө олж авчрах ёстой гэсэн шаардлага тавьсан.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл манай тайланг хэлэлцэхгүй хойшлуулж байсан. Энэ шалтгааны улмаас хойшлуулж байсан гэж ойлгож болох уу?

-ОУВС-гийнхан манайд улирал болгон ирж, үнэлгээ хийдэг. Хөтөлбөр эхэлснээс хойш 5 удаа үнэлгээ хийж, ОУВС-гийн захирлын зөвлөлийн хурлаар орсон. 6 дахь үнэлгээг хийж чадаагүй. Шалтгаан нь банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдүүлснийг нягтлан магадлах шаардлага байна. Авчирсан хөрөнгийн эх үүсвэрийг дахиж нягтлах шаардлагатай гэдгээр л хойшлоод байгаа юм. Хөтөлбөр дуусахад тавхан сар үлдсэн байна. Тиймээс Монголбанкны зүгээс хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлье гэсэн зорилгоор ОУВС-тай уулзаж байгаа. Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа зорилго нь банкуудтайгаа нийлж, энэ хөтөлбөрийг яаж амжилттай дуусгах уу. Валютын сангийн тавьж байгаа Олон улсын стандарт, жишиг болсон үзүүлэлтэд яаж банкныхаа системийг хүргэх вэ гэдэгт хамтран ажиллая. Асуудлаа хамтран хэлэлцэе гэж энэ хурлыг зохион байгуулж байгаа юм.

-ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай дуусгахын тулд манайх юу хийх ёстой юм бэ. Өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн мөнгөө л асуудалгүй гэдгийг батлах уу?

-ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай дуусгах нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монгол Улсыг гаднаас харж байдаг хамтран ажилладаг хөрөнгө оруулагчид байна. Тэд ОУВС-гийн хөтөлбөр амжилттай дуусвал тэдэнд эргэлзээтэй, тодорхой бус байсан асуудлууд тодорхой болно. Монгол Улсад илүү их хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Дотооддоо гэвэл, банкууд ОУВС-гийн тавьж байгаа шаардлагад манай үйл ажиллаагаа нийцэж байгаа юу үгүй гэдэг эцсийн дүнгээ тавиулаагүй байгаа. Тиймээс зээлээ гаргахдаа болгоомжтой хандах, үйл ажиллагаагаа тэлэх үү, хумих уу, эсвэл илүү чанаржуулах уу гэдэг шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөтэй байна. Зээлийн хүү буурч өгөхгүй, зээл гаргалт бага зэргээс харагдаж байгаа. Монголбанк зохицуулагч байгууллага гэдэг утгаараа ОУВС, банкуудтайгаа хамт суугаад, нэг талдаа гаръя гэсэн бодлого барьж ажиллаж байна.

-Банкны салбарын шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд хийх хамгийн чухал ажил юу вэ?

-УИХ жил болгон Монголбанкны баримтлах төрийн мөнгөний бодлогыг баталж өгдөг. 2020 онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд нэг шинэ асуудлыг тусгасан. Тэр нь банкны сектор дахь хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилт. Энэ хүрээнд хууль, журмаа гаргах ёстой. Хоёрдугаарт, төвлөрлийг бууруулах ажил бол нэг сар, жилийн хугацаанд хийх ажил биш. Удаан хугацаанд, үе шаттайгаар, банкны хэвийн ажиллагаанд доголдол учруулахгүйгээр хийх ёстой. Энэ банкны салбарт хийх хамгийн том шинэчлэл. Нэг эзэнтэй банкийг олон эзэнтэй болгоно гэсэн үг. Эдийн засагт нөлөө бүхий банк байвал олон нийтийн болох ёстой. Манай банкууд бүгдээрээ л ХХК буюу хаалттай байдаг. Үүнийг Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болгох. Олон нийтийн хувь эзэмшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын үүднээс төрийн мөнгөний бодлогод ийм заалт оруулж өгсөн юм.

-Банкны эзэд энэ асуудалд ямар байр сууринаас хандах юм бол. Тэр нь сонин байна?

-Олон улсын сайн жишиг, туршлагыг харахад, томоохон банкууд бүгдээрээ л хувь эзэмшил нь хөрөнгийн бирж дээр, олон нийтийн өмчтэй байдаг. Олон нийтийн эзэмшилтэй байхаас гадна зарим орны том банк хувь эзэмшлийн дээд хязгаарыг хуулиар тогтоож өгсөн байдаг. 10, 20, 30 гээд янз бүр. Олон улсад нэгэнт ийм сайн жишиг бий болчихсон учраас Монгол Улс тийшээ орох эхлэлийг хийх ёстой. Банкны зүгээс ч гэсэн бэлтгэлээ хангах байх. Эзэд нь нэг их дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байгаа.

-2019 онд Монголбанкны хийж,  хэрэгжүүлсэн гол шинэчлэлүүд хэр үр дүнд хүрсэн гэж харж байгаа вэ?

-Статистик тооноос ямар үр дүнтэй байсан нь харагдана. Монголбанкны хийсэн ажил тодорхой амжилтад хүрснийг тоо баримтаас л харж болно. Инфляци арваннэгдүгээр сарын байдлаар 5.2 хувь боллоо. Монголбанкны инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй гэдэг зорилт сайн биелээд явж байна. Дунд хугацаандаа 6 хувь дээр тогтворжуулах зорилттой. Дунд хугацаанд тогтворжуулах зорилтод хүрч болно гэдгийг энэ тоо илэрхийлж байна гэж харж байгаа. Ханш оны эхнээс 3 хувиар суларлаа. Бусад улсуудтай харьцуулахад, харьцангуй бага суларсан. Энэ үр дүнгээрээ мөнгөний бодлого амжилттай хэрэгжиж байна гэсэн үг. Банкны салбарын хувьд хөрөнгө нь хуучин 20, 30 хувиар өсдөг байсан бол энэ жил тэгж өсөөгүй. Гэхдээ бас буураагүй. 10 хувийн өсөлттэй байгаа. Энэ нь тогтвортой хэмжээний өсөлттэй байна гэдгийг харуулж байгаа юм. 2019 оны хувьд банк санхүүгийн салбар эдийн засагтаа дэмжлэг үзүүлэхээр сайн ажиллаж чадаж байгаа.

-Улирлаар харвал, эдийн засгийн өсөлт удааширч байгаа талаар эдийн засагчид хэлж байна. 2020 онд эдийн засгийн өсөлт ямар байна гэж харж байгаа вэ?

-“Банкны салбарын шинэчлэл” гэдэг хурал цаг үеэ олсон гэж бодож байна. Учир нь эдийн засаг бага зэргийн сааралттай байгаа. Ийм хэмжээний сааралт байхыг Олон улсын байгууллага, Монголбанк ч гэсэн анхны төсөөллөөрөө хэлж байсан. Нэгдүгээр улиралд дэийн засаг 8, хоёрдугаар улиралд 7.3 хувиар өссөн. Гуравдугаар улиралд 6.3 хувь болсон. Үүнээс цааш буурахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа. Харин цаашид яаж өсгөх вэ, банкны салбар ямар оролцоотой байх вэ гэдэг нь банкууд хэр чадавхижиж, эдийн засаг, бизнес эрхлэгч рүү зээлээ хэр сайн гаргаж чадаж байна гэдгээс хамаарна. 


Б.Лхагвасүрэн: Банкуудыг хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болгохыг зорьж байна
2019-12-20 02:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ