Баасан, 2024-11-22
“Их зогсолт”-ын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна

Эрдэнэт үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай техник, тоног төхөөрөмжөө жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар хийдэг. Энэ жилийн “Их зогсолт”-ыг 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж байна.
   Өнөөдөр оройн 20 цагт дуусах  “Их зогсолт”-ын явцын талаар тус үйлдвэрийн Механикийн хэлтсийн дарга  Б.Чинзоригоос тодруулахад: “2019 оны “Их зогсолт”-ын ажил хуваарийн дагуу эхэлж, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. “Их зогсолт” гэдэг нь манай үйлдвэрийн нөөцгүй тоног төхөөрөмжид хийгддэг иж бүрэн засвар. Өөрөөр хэлбэл, одоо засвар хийгдэж байгаа тоног төхөөрөмж дараа жилийн өдий хүртэл ямар нэг засвар хийгдэх боломжгүй гэсэн үг. Тиймээс “Их зогсолт”-ын ач холбогдол маш өндөр. Өчигдөр бид “Их зогсолт”-ын явцын талаар хурал хийж, Ерөнхий захирал болон Ерөнхий инженер оролцож, энэ ажилд холбогдож буй цех нэгжүүдийн ажлын мэдээллийг сонссон. “Их зогсолт”-д Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Холбоо мэдээлэл автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех гэсэн таван үндсэн цех ажиллаж, Барилга засварын цех, Засвар угсралтын цех болон бусад үйлдвэрлэлийн хэлтэс, цехүүд туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Өчигдөр буюу 6 дугаар сарын 30-ны өдрийн оройн 19.00 цагийн мэдээллээр, үйлдвэрийн хэмжээнд “Их зогсолт”-оор хийх ажлын төлөвлөгөө 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөө өглөөний байдлаар  85-90 хувьд хүрээд байна. Энэ үзүүлэлт нь  засвар үйлчилгээний ажил төлөвлөгөөний дагуу тасралтгүй, сайн үргэлжилж байгааг харуулж байна.  Бидний хамгийн гол анхаарч буй зүйл бол засварын чанар. Үүнийг тухай бүрд нь холбогдох мэргэжилтнүүд шалгаж, хянахын зэрэгцээ оношилгооны алба дүгнэн ажиллаж байна.  “Их зогсолт”-ын төлөвлөгөөний дагуу гаднын байгууллагын туслалцаатайгаар хүдрийн агуулахын хана солих засвар хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ жилийн “Их зогсолт”-ын онцлогийн тухайд гэвэл шаардлагатай тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь ханган нийлүүлэхэд Худалдан авалт, хангамжийн хэлтэс ихээхэн анхаарч, шуурхай ажилласныг хэлэх нь зүйтэй. Ингэснээр “Их зогсолт”-ын бэлтгэл ажил сайн хангагдсан. Мөн энэ жил төлөвлөгдөөгүй ажил харьцангуй бага байна. Энэ нь 2018 оны засварын ажлын чанар сайн хийгдсэнтэй холбоотой юм” гэж хариуллаа.

М.Балжинням

 

 


“Их зогсолт”-ын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна
2019-07-01 05:50:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ