“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн ард иргэд Та бүхэндээ морилон ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Баялаг бүтээгч хамт олон маань улирч буй 2019 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж ихийг төлөвлөн хэрэгжүүлж бүтээн байгууллаа. Техник, технологийн бодлогын хүрээнд Ил уурхайд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийсний үр дүнд үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, жилийн дүнгээр анх удаа 37 сая тонн хүдэр олборлов. Баяжуулах үйлдвэрийн үндсэн хэсгүүд болох Бутлан тээвэрлэхээс эхлээд Шүүн хатаах, Хаягдлын аж ахуй хүртэлх бүхий л дамжлага дээр өргөтгөл, шинэчлэлийн ажил өрнөж, бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжсэний үр дүнд энэ онд анх удаа 32 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоолоо.
2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүтээн байгуулалт, техник, технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр буюу 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх олон чухал ажил хийж хэрэгжүүллээ. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдены баяжмал салгах, молибдены баяжуулалтын дамжлага шинэчлэгдсэнээр жилд 1.8 тэрбум төгрөгийн, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 бутлуураар сольсноор жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох нөхцөл бүрдсэн. Хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг шинэчиллээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехэд болон Ган бөөрөнцгийн цехэд дэлхийн дэвшилтэт технологийн шинэчлэл хийгдэж байна. Мөн Хаягдлын аж ахуйд М4 далан, холбох сувгийн хамт барьж байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, хаягдлын сангийн насжилт зургаан жилээр уртаслаа. Энэ мэт их ажил ундарсан, Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд 2019 он тод үлдсэн жил болж өндөрлөж байна.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн анхдагч ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдэхийн хэрээр залуу ажилчдын нийгмийн асуудлыг цогцоор шийдэх шаардлага шинээр ургаж байна. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон сууцтай болоход нь үзүүлдэг дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ. Ингэснээр энэ жил 518 ажилтанд 6.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Мөн ажилчдынхаа цалинг тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, аравдугаар сарын нэгнээс дахин 10 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдийнхээ орлогыг өсгөх бодлого баримтлан ажиллах болно.
2019 онд Эрдэнэт үйлдвэр ХХК маань ТӨҮГ болон статус нь өөрчлөгдсөн, бид бүхэн шинэчилсэн дүрмээр, онцгой дэглэмд амжилтаа ахиулж ажилласан, 2020 оны бизнес төлөвлөгөөгөө шинэ оны өмнө батлуулж, дараа жилийнхээ ажилд эртлэн шамдсан сайхан жил улирч байна. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Засгийн газар тусгайлан авч үзэж, 2019 оны зургаадугаар сард тогтоол гаргалаа. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан зэрэг нь 2019 онд онцлох чухал шийдвэр юм. Үндсэн чиглэл батлагдсанаар Эрдэнэт үйлдвэр тодорхой бодлоготой, зорилготой, жарнаар хэмжигдэх ирээдүйг харж ажиллах нөхцөл бүрдлээ.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг уурхайчдын баярын өмнө буюу 12 дугаар сарын 22-ны өдөр биелүүлж, 2020 оны ажилдаа ороод байна. Бид улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 936,5 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр 140 орчим сая төгрөгийн баялаг бүтээснийг энд тэмдэглэхэд таатай байна.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын "Энтрепренер-2019" шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч, 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.
2020 онд Эрдэнэт үйлдвэрт их бүтээн байгуулалт үргэлжилсээр байх болно. Бид хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улс орондоо баялаг бүтээгч Эрдэнэтийн уурхайчид бид өнөөдрийн амжилтаа ахиулахын төлөө, маргаашийн хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллах болно.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч ахмадууддаа, 6600 уурхайчин бүрт, тэдний гэр бүлд, хамтран ажилладаг түншүүддээ, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айсуй 2020 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР /Sc.D/
Х.БАДАМСҮРЭН