Мягмар, 2024-04-30
Эрдэнэт үйлдвэр, ҮЭХ-той хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийн хүрээнд ҮЭ-ийн байгууллагатай хамтран жил бүр “Хамтын гэрээ” хэрэгжүүлэн ажилладаг. Ирэх 2020-2021 онд хэрэгжүүлэх шинэ “Хамтын гэрээ”-нд талууд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү гэрээ нь уурхайчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх нөхцөл, эрх, үүрэг, давуу тал зэрэг олон асуудлыг багтаасан 12 бүлэг, 108 заалт бүхий 12 дахь удаагийн гэрээ юм. Харин Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болсны дараа байгуулагдсан анхны “Хамтын гэрээ” боллоо.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Бид ҮЭХ-той хамтран хэрэгжүүлэх энэ удаагийн “Хамтын гэрээ” нэлээд онцлогтой. Учир нь өнгөрч буй 2019 он бидний хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувьд хүргэсэн. Энэ бол манай уурхайчдын ажлын үр дүн. Нөгөө талаас, “Хамтын гэрээ”-г хэлэлцэх ажлын хэсгийнхэн ойлголцол, зөвшилцөл өндөр хэмжээнд байж, богино хугацаанд байгуулсныг тэмдэглэх учиртай. Хэдийгээр үйлдвэр, үйлдвэрчний байгууллагууд хуулийн дагуу нэг зүйлийн хоёр тал шиг харагддаг ч бид хөгжлийн төлөө, ажилчин хүний төлөө нэг баг болж, нэг зорилгын дор нэгдэж хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Ингээд энэ зорилгын төлөө харилцан зөвшилцөж, гарын үсэг зурах боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэр, ҮЭХ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд тусгагдсан асуудлууд уурхайчдын ажиллах нөхцөл, цалин хангамж, сэтгэл хангалуун амьдарч ажиллахад эерэг боломж бүрдүүлж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцлов. Мөн тэрээр уг үйл ажиллагаанд оролцсон үйлдвэрийн болон ҮЭХ-ны байгууллагын төлөөллүүдэд Уурхайчдын баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.

Б.ТӨГСБАЯР: Шинэ “Хамтын гэрээ”-нд 2-ийн 4 дэх заалтыг хэвээр нь үлдээж, ажилчдын цалинг дахин 20 хувиар нэмэхээр тусгасан

    Шинэ “Хамтын гэрээ”-г үзэглэх үйл ажиллагаан дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Төгсбаяр тэмдэглэхдээ “2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний бүх заалт нь ажилтан хүний нийгмийн асуудал, бодит орлого, цалин хөлсийг шийдэхэд ихээхэн түлхэц болохуйц байдлаар тусгагдсан” гэдгийг хэлэв.

    Уурхайчдын зүгээс хамгийн их хүлээлттэй, санал шүүмжлэл дагуулсан зүйл, заалтын талаар тодруулахад “ Хамгийн гол онцлог бол үйлдвэрийн санхүү, эдийн засгийн төлөвлөгөө батлагдахаас өмнө Хамтын гэрээ байгуулагдаж байгаа нь маш чухал. Энэ удаагийн гэрээний 29 заалтанд нэмэлт, өөрчлөлт орсон байгаа. Ажилчдын хамгийн их хүсэн хүлээж байсан 2-ийн 4 дэх заалт буюу аав, ээжийнхээ оронд залгамжлан ажилд орох тухай заалтыг ямар нэг нэмэлт өөрчлөлтгүйгээр хуучнаар нь авч үлдсэн. Мөн ирэх жилүүдэд ажилчдын цалинг 20 хувиар нэмэх заалт орууллаа. Бусад нийгмийн хамгааллын олон асуудлууд багтаж байгаа. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтэд нийт 53 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөн, тусгаж чадсаныг бас хэлэх нь зүйтэй. Мэдээж, энэ төсвийг манай ажилчид цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт гэх зэрэг олон хэлбэрээр авна гэсэн үг. Хамтын гэрээнд тусгагдсан асуудлуудыг уг гэрээг дагалдаж гардаг журмаар зохицуулан хэрэгжүүлнэ. Тиймээс бид ажилчиддаа энэ Хамтын гэрээ-ний зүйл, заалт бүрийг таниулж, сурталчлах ажлыг нээлттэй зохион байгуулна” гэж ҮЭХ-ны дарга ярилаа. Уг Хамтын гэрээ ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оныг дуустал хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.


Эрдэнэт үйлдвэр, ҮЭХ-той хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-нд гарын үсэг зурлаа
2019-12-25 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ