Бямба, 2024-11-23
Саарал жагсаалтад орвол ямар эрсдэл үүсэх вэ

-Монголбанкны ерөнхийлөгч 700 тэрбум төгрөгийн активын нэмэгдэлд гарын үсэг зуржээ-

Монгол Улсыг олон улсын санхүүгийн байгууллагуудаас саарал жагсаалтад оруулах болсон талаар мэдээлэл гарч эхэлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Албан ёсны мэдээлэл хараахан ирээгүй байна" гэх тайлбарыг өгч буй. Тэгвэл зарим гишүүнд манай улс саарал жагсаалтад орсон тухай мэдээлэл ирсэн байна.

Өмнөх парламентын үед бид уг жагсаалтад орж байсан. Энэ удаа арилжааны банкууд активаа нотолж чадаагүй нь олон улсын санхүүгийн байгууллагын “овоо хараа”-нд өртөх шалтгаан болжээ.

Үүсээд буй асуудалтай холбогдуулан Монгол Улс саарал жагсаалтад орвол ямар эрсдэлтэй вэ гэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан. С.Эрдэнэ нараас тодруулсан юм.

С.ЭРДЭНЭ: ЭНЭ БҮГД МАНАЙ ТӨРИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ, САХИЛГАГҮЙ БАЙДЛЫН ҮР ДҮН

-Манай улс 2013-2014 онд саарал жагсаалтад орж байсан. Өнөөдөр ч ийм асуудал яригдаж эхэллээ. Нөхцөл байдал яагаад хүндэрчихэв ээ?

-Хоёр, гурван үндэслэл харагдаж байна. Нэгдүгээрт, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага аливаа улс орнуудыг мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр шалгадаг. Манай улсад удаа дараа сануулга, шаардлага хүргүүлж байсан юм билээ. Харамсалтай нь, манайх тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй учраас өнөөдөр ийм хэмжээнд хүрчихээд байна. Хоёрдугаарт, арилжааны банкуудын активын асуудал бий.

ОУВС-гаас арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу 700-гаад тэрбумаар активыг нэмэгдүүлсэн ч 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ баталж чадаагүй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч 700 тэрбум төгрөгийн активын нэмэгдэл дээр гарын үсэг зурсан. Үүнд тэр байгууллагууд маш их эмзэглэж байгаа юм билээ.

-Тэгэхээр манай улс саарал жагсаалтад орчихсон гэсэн үг үү?

-Мөнгө угаах терроризмтой тэмцэх Үндэсний зөвлөл гэж бий. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ү.үнийг ахалдаг. ХЗДХ-ийн сайд маань олон улсын байгууллагаас өгсөн сануулга, удаа дараагийн шаардлагын хариуд бодит ажил огт хийж чадаагүй. Энэ бүхэн нөлөөллөө. Товчхондоо, манай төрийн хариуцлагагүй, сахилгагүй байдлын үр дүн. Миний авсан мэдээллээр Францын Парист болоон энэ байгууллагын хурлаар Монгол Улсыг санхүүгийн саарал жагсаалтад оруулах шийдвэр гарчихжээ. Удахгүй албан ёсны мэдээлэл ирэх байх.

-Энэ дагуу зөвлөмж гарах уу. Цаашдаа яах ёстой юм бэ?

-Энэ маш муу мэдээ. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад маш олон сөрөг үр дагавар бий болдог. Энэ эрсдэлээс хурдан гарахын тулд Монголын Засгийн газар, парламент яаралтай ажиллах шаардлага үүслээ. Мэдээлэл албан ёсны болсны дараа сая дурдсан ажлуудыг хийж эхлэх байх.

-Саарал жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орно, хаагдана, хязгаарлалттай болно. Картаар хийдэг гүйлгээнд ч хязгаар бий болно гэсэн үг. Манай улсын гадаад нэр хүнд муудна, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасаж, бараг зогсоно гэх мэтээр олон улсад Монгол Улсын үнэлэмж сөрөг байдлаар очно. Манайх шиг хөгжиж байгаа орны хувьд туйлын хариуцлагагүй зүйл боллоо.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан нь саарал жагсаалтад орох нэг нөхцөл боллоо гэх хүмүүс байна. Танай нам эрх баригч байхдаа баталсан хууль байх аа?

-Тухайн үеийн УИХ баталсан. Эдийн засгийн ил тод байдал гэхээсээ илүүтэй арилжааны банкуудын санхүү, актив, чанар үзүүлэлтээс гадна хар тамхи терроризмтой тэмцэх чиглэлээр төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа хангалтгүй түвшинд байна. Ялангуяа санхүү мөнгөний тайлан туйлын хангалтгүй. Хамгийн ойрын жишээ сүүлийн гурван жилд Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнгүй. Өнөөдөр Монгол төрийн үйл ажиллагаа нуугдмал байна. Мэдээлэл ч их бүрхэг.

Олон улсад нэр хүнд нь ийм хэмжээнд үнэлэгдэх хүртлээ унажээ. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам гэх мэт үүрэг хүлээж буй байгууллагууд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.

Б.ЖАВХЛАН: БОГИНО ХУГАЦААНД ЭДИЙН ЗАСАГТ"ШОК" АВАХГҮЙГЭЭР ЯАЖ ГАРАХ ВЭ ГЭДЭГ Л ЧУХАЛ БАЙНА

-Манай улс 2013-2014 онд саарал жагсаалтад орж байсан. Өнөөдөр ч ийм асуудал яригдаж эхэллээ. Нөхцөл байдал яагаад хүндэрчихэв ээ?

-Өмнө нь бид бас саарал жагсаалтад орох үед яаралтай арга хэмжээ аваад гарч байсан. Түүнээс хойш энэ том асуудлыг өндөр хэмжээнд авч ач холбогдол өгөх ёстой байтал анзаарахгүй явж ирснээр өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. 2011-2014 оны хооронд манай улс саарал жагсаалтад орсон л доо.

Тэр үед буюу 2014 оны зургаадугаар сард Монгол Улсын баг очиж ажиллаад, гарч байсан юм. Тухайн үед манай улсын эдийн засаг өсөлттэй бас уналттай байсан. Одоо хэрэв саарал жагсаалтад орвол аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ зогсоно гэх мэтээр ярьж байна л даа. Энэ бол шууд шалтгаан биш.

-Тодруулбал?

-Дотоод банкууд гадаадын банкуудтай хийх гүйлгээ, харилцаа муудаж байгаа нь сүүлийн жилүүдэд болж байгаа үзэгдэл. Энэ шууд саарал жагсаалттай холбоотой асуудал биш. Манай банк санхүүгийн зах зээл жижиг, савлагаатай, тогтворгүй байна. Үүнээс улбаалаад банкуудын санхүүгийн зардал өсөж, ашиггүй болж ирсэн учраас гүйлгээ хумигдаж байгаа хэрэг. Энэ саарал жагсаалтад орох нэг шалтгаан уу гэвэл мөн. Гэхдээ үндсэн том шалтгаан биш.

-Саарал жагсаалтад орсон энэ удаагийн шалтгаан өөр гэсэн үг үү?

-Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хуулийг 2007 онд баталсан. Дэлхий нийтээрээ терроризмтой тэмцэх хуулиа баталсан учраас монголчууд тэр жишгийг дагана, та бүхэн тусалж дэмжээрэй гэсэн хүсэлт олон улсын санхүүгийн байгууллагуудад гаргаж байсан юм. Гэвч гаргасан хуулиа дагаж мөрдөх тал дээр алдаа гаргасан. Одоо ч мөн адил. Анх 2011 онд саарал жагсаалтад орж байв. Ер нь гарааны нөхцөл байдал аль ч улс оронд саарал жагсаалтаас эхэлдэг.

Түүнээс биш жагсаалтгүй байж байгаад гэнэт унасан зүйл байхгүй. Манай гарааны нөхцөл саарал жагсаалтаас эхлээд дөрвөн жилийн хугацаанд нэлээд ажлууд хийж маш сайн ажилласны үндсэн дээр 2014 онд энэ жагсаалтаас гарч байлаа. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хуулийн хүрээнд санхүүгийн институцаа анхан шатанд нь таньж эхлэх, ингэхдээ манай хуулийн байгууллага, банк санхүүгийн институцын хоорондын эрхзүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад маш сайн өөрчлөлт оруулж өгсөн хэрэг.

-Арилжааны банкууд активаа бүрдүүлсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй гэж байна шүү дээ?

-Тийм нарийн бичигдээгүй байсан. Эдийн засаг сүүлийн жилүүдэд тэлж байна. Үүнийг дагаад манайд орж ирж байгаа мөнгөн урсгал нэмэгдэхийн хэрЭэр хяналт сайн тавьж чадаагүй байх магадлалтай. Тиймээс ОУВС-гаас манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийсэн актив хөндөгдсөн юм билээ.

-Таны олж авсан мэдээллээр ямар шалтгаанаар манай улсыг саарал жагсаалтад оруулна гэж байсан бэ?

-Миний олж уншсанаар гурван шалтгааныг тод дурдсан байна. Нэгдүгээрт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар манай эдийн засаг руу орж ирж байгаа мөнгө нь манай улсын ДНБ-ээс давсан байна гэсэн байна билээ.

Хоёрдугаарт, 2007 оноос хойш баталсан хуулиудыг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлсэн, ямар арга хэмжээ авсан нь хангалтгүй байна гэсэн.

Гуравдугаарт, арилжааны банкны байгууллагуудаас гадна зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хяналтгүй мөнгөн урсгалууд багагүй хэмжээнд байна. Үүнийгээ хянадаг бол гэсэн шаардлагууд байсан.

Саарал жагсаалтад орлоо гэхэд богино хугацаанд засаж эдийн засагтаа “шок” авахгүйгээр яаж гарах вэ гэдэг л чухал байна.


Саарал жагсаалтад орвол ямар эрсдэл үүсэх вэ
2019-11-03 15:59:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0