Бямба, 2024-11-23
С.Даваасүрэн: “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудал зөвхөн манай хороонд хамаатай биш

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг өгсөн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаарх түүний байр суурийг сонирхсон юм.

-Таныг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга намайг хүлээж авч уулзсан. Уулзсан талаарх мэдээллээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан. Тэр байр, суурь хэвээрээ байгаа. Саарал жагсаалттай холбоотой асуудал зөвхөн манай хороотой хамаатай биш. Өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн хувьд бид маш сайн ажилласан.
-Сангийн яам уг асуудлаар хариуцлага хүлээх ёстой юм уу?
-Монгол Улс саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллагуудтай холбоотой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд ажилладаг үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд , хадгаламж зээлийн хоршоодын зэх зээл дээр урд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өсөлт бий болсон. 2016 онтой харьцуулахад энэ жил 200 хувь өссөн юм. Өсөлтгүйгээр тухайн зах зээлийн үр ашгийг хүртээх боломжгүй. Бялуу томорч байж хүн бүрт хэрчим нь хүрнэ. Өсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийн ярих аргагүй. Эерэг талыг харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар иргэд сайн мэддэг болсонд бахархалтай байдаг.
-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд “Саарал жагсаалт”-аас хэзээ гарах төлөвлөгөөтэй байна вэ?
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулийн хэрэгжилтийг сайжруулах буюу үнэт эдлэл, металлын бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг богино хугацаанд шийдэх ёстой. Саарал жагсаалтын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй эрх бүхий бүхий л байгууллага хамтран ажиллах хэрэгтэй байна. Улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой томоохон ажил шүү дээ. 2013-2016 онд хийсэн ажлыг дүгнээд дараа жил нь буюу 2007 онд ФАТФ-аас маш олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах шаардлагатай гэдэг үнэлгээг өгч байсан. Түүний 10 нь Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаарахаар, 15 нь шууд бусаар буюу бусад байгууллагатай хамтарч сайжруулах үзүүлэлт байсан. Энэ үзүүлэлтийг бүгдийг нь шат ахиулж чадлаа. Сая ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр ажиллах гэж буй нь Санхүүгийн зохицуулах хорооны хувьд цоо шинэ ажил.  Өөрөөр хэлбэл, Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмын эсрэг хуулиараа энэ зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Энэ асуудлыг Монгол Улсад зайлшгүй зохицуулах шаардлага байгаа. Гэтэл одоогоор зохицуулалт хийх байгууллагагүй байна. Алт, үнэт эдлэл металлын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг  болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалтай холбоотой асуудлыг зохицуул гэсэн. Энэ бол цоо шинэ зүйл. 

 


С.Даваасүрэн: “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудал зөвхөн манай хороонд хамаатай биш
2019-11-03 16:12:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0