Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг ЮНЕСКО-оос зарлалаа. Манай улсаас нэр дэвшүүлсэн “Улаанбаатар хот” гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгдлээ. Эдгээр хотуудыг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей томилдог бөгөөд тэрээр “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Тус сүлжээнд нэгдсэн хотууд нь өөрсдийн хөгжлийн стратегидээ соёл болон бүтээлч байдлыг уялдуулан зохицуулах амлалтыг авдаг бөгөөд хүн төвтэй хотын төлөвлөлтөд шинэлэг практикийг бий болгон ажилладаг.
Бүтээлч хотуудын сүлжээнд өдгөө 100 гаруй улсын 350 хот нэгдээд байна. Гар урлал ба ардын урлаг, дизайн, кино, хоол хүнс, уран зохиол, медиа урлаг, хөгжим гэсэн 7 бүтээлч төрлөөр шалгаруулдаг.
Дэлхийн нийт хүн амын 68 хувь нь 2050 он гэхэд хот суурин газар амьдрах тооцоо, төсөөлөл байдаг. Шинээр томилогдсон хотууд энэхүү бүтээлч хотуудын сүлжээний гишүүн хотуудтай хамтран ажиллах, цаг уурын дулаарал, тэгш бус байдал, хотжилт зэрэг хувьсан өөрчлөгдөж буй аюул заналын эсрэг ажиллахад хүчээ нэгтгэх юм байна. Бүтээлч хотуудын сүлжээний 2024 оны бага хурал ирэх оны 7 дугаар сарын 1–5-ны өдрүүдэд Португал Улсын Брага хотноо болох ба шинээр сүлжээнд нэгдсэн хотуудыг тус бага хуралд оролцохыг урьжээ.
Улаанбаатар хот гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгдлээ |
|