Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, Монгол Улсын “Алсын хараа 2050” хөтөлбөрийн ногоон хөгжлийн нэгдүгээр үе шат /2021-2030 он/-д “Цэнгэг усны нөөц гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална”; Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ногоон хөгжлийн бодлогын 5.1.2-т “Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татаж гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна”; Засгийн газрын “Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал, жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх тухай” 2019 оны 332 дугаар тогтоол; Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамж, Батлан хамгаалахын сайдын 2023 оны А/106, А/107, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны А/220 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/132, А/134 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр (нийт 85 хоног)-ийг хүртэл амжилттай зохион байгуулж ажиллалаа.
Тус ажиллагаанд томилогдсон бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг ажиллагааны газар оронд шилжүүлэн байрлуулах тээвэрлэлтийг ажиллагааны нэгдсэн бодлого-төлөвлөгөөний дагуу авто болон усан замын гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Урд өмнө нь Монгол Улсад хөвүүр гүүрний тавцан ашиглан Хөвсгөл нуурт ачаа тээвэрлэсэн туршлагагүй, тээврийн маршрутын 1 км хэсэгт мөс бүрэн унаагүй, мөсний зузаан 20-40 см учир хөвүүр гүүрийг цөмлөх, хурд сааруулах, зориулалтын бус катеруудыг тасралтгүй 13 цаг их ачааллаар ажиллуулах, үүнтэй холбогдсон эвдрэл үүсгэх зэрэг эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Тээвэрлэлтийн үед үүрэн телефоны сүлжээ болон богино долгионы гар станц, катеруудын радио холбоог ашиглан удирдлага, харилцан ажиллагааг зохион байгуулж, тээвэрлэлтийг осол эндэлгүй гүйцэтгэсэн болно. Усан замын тээвэр нь Зэвсэгт хүчний хэмжээнд хөвүүр гүүрний тавцан ашиглан Хөвсгөл нуурт ачаа тээвэрлэсэн анхны тохиолдол болсон.
ШУТИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүдийн бүтээсэн ферм нь жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой бөгөөд тээвэрлэх, угсрахад хялбар тухайн татан гаргаж байгаа объектоос шалтгаалан бүтцийг нь өөрчлөх боломжтой гэдгээрээ онцлог юм. ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу татан гаргах ажиллагааг зохион байгуулсан. “Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх суурь судалгаа хийж, татаж гаргах ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон ажлын хэсгийн гишүүд хээрийн байрлалд хүрэлцэн ирж, татан гаргах ажиллагааны явц байдалтай 2 удаа танилцаж ажилласан.
Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, доктор профессор Т.Намтан нар тус сургуулийн эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн хөвүүр гүүрийн тавцанд төхөөрөмжилсөн өргөх төхөөрөмж буюу “Ферм”-ийн ажиллагааг газар дээр нь танилцаж үнэлгээ өгч ажилласан билээ.
Живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, татан гаргах ажиллагаанд ашиглахаар АНУ болон Франц Улсаас авсан тусгай зориулалтын багаж, тоног төхөөрөмж (Алсын удирдлагат усны дрон Про-5, Немосенс)-ийн сургалтыг хээрийн байрлалд амжилттай зохион байгуулсан.
Мөн хээрийн байрлалд Япон Улсын “Жайка” ОУБ-ын мэргэжлийн багт татан гаргах ажиллагаанд ашигласан хөвүүр гүүрний тавцанд төхөөрөмжилсөн “Ферм”, “Удирдлага”, “Зангуу”-ны төхөөрөмжүүдийг танилцуулж ажилласан. Энэхүү ажлыг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ажиллагааны газар оронд хүрэлцэн ирж татан гаргах ажиллагаанд биечлэн оролцсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн татан гаргах ажиллагааны бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг 7, 28, 42, 55 жилийн дараа 33.4 м-ээс 128 метр хүртэлх нуурын гүнээс нийт долоон нэгж техник хэрэгслийг татан гаргасан.
Татан гаргасан 7 нэгж техник хэрэгслээс 34.7 тн бохир шатахуун, тос тосолгооны материал болон 2021 онд татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны доод ёроол хэсэг дотор байсан 13 тн бохир, нийт 47.7 бохир шатахуун, тос тосолгооны материалыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албатай хамтран нотломж үйлдэж, зориулалтын газарт холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгуулсан.
Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, байршлыг тогтоох чиглэлээр Геомастер ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сантын даваа, Марааны нуур, Жиглэгийн ам, Хачим, Долоон уул, Модон хүй, Хэрээний үүр гэдэг газруудад нийт 18000 га талбайд хайгуулын ажлыг гүйцэтгэсэн. Цаашид хайгуулыг үргэлжлүүлж энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гүйцэтгэх тусгай төлөвлөгөөгөөр тус судалгааны баг Хөвсгөл нуур дээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
“ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭРЭН ХАЙХ, ИЛРҮҮЛЭХ, ТАТАН ГАРГАХ АЖИЛЛАГАА”-НЫ МЭДЭЭЛЭЛ |
|