БОАЖЯ, IRIM судалгааны хүрээлэнгээс “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа”-ны тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээг өнөөдөр (2023.10.06) зохион байгууллаа. Энэхүү судалгааг 2022 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сард Улаанбаатар хот болон 13 аймгийн 2804 иргэний дунд явуулжээ. Судалгаанд оролцогчдын олонхи нь буюу 69 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна. Тодруулбал, тэдгээр иргэний 18.9 хувь нь “Маш их санаа зовж байна” гэсэн бол 50.1 хувь нь “Үе үе санаа зовдог” гэж хариулсан байна. Харин 2.1 орчим хувь нь “Уур амьсгалын өөрчлөлтөд огт санаа зовдоггүй” хэмээсэн бол 5.3 хувь нь “Төдийлөн санаа зовдоггүй” гэжээ. Дээрх тайланд дурдсанаар, судалгаанд оролцогчдын 73.9 хувь нь телевиз, 63.7 хувь нь интернэт, 8.2 хувь нь гэр бүл, найзууд, 4.6 хувь нь ФМ радио, 3.5 хувь нь хамт олон, 3.4 хувь нь орон нутгийн засаг захиргаа, 2.9 хувь нь сонин, 1.6 хувь нь сэтгүүл, 2.9 хувь нь бусад төрлийн эх сурвалжаас мэдээлэл авдаг аж. Үүнээс гадна уг тайланд “Уур амьсгалын өөрчлөлт ирэх хэдэн арван жилийн хугацаанд эрчимжих төлөвтэй байгаа. Энэ нь хүн, байгалийн харилцан хамаарал, зүй тогтолд ихээхэн нөлөөлөхөөр байна. Ялангуяа Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж зэрэг үзэгдэл аль хэдийнэ үүссэн. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн” гэж онцолжээ. “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа”-ны тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн захирал Ачала Эбэйсинхэ, тус институтийн Монгол дахь Суурин төлөөлөгч Аннака Петерсон, хөтөлбөрийн ахлах ажилтан Э.Баярмаа нар оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлагын талаарх судалгааны тайланг танилцууллаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27