“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон юм.
Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ.
Салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалах бодлого барин ажиллахаа мэдэгдэв.
Мөн тэрбээр “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль батлагдсанаар Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой” гэдгийг хэлсэн юм.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлнэ |
|