Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаад коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд удахгүй болох сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргалаа.
Үүнд улс, хот хоорондын автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөн бүрэн хамаарч байгаа бөгөөд иргэний нислэгийг хязгаарлахгүй юм байна.
Мөн Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар зорчихгүй байхыг сануулж байв.
Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно |
|