Нийслэлийн замын хөгжлийн дарга Б.Одбаяртай ярилцлаа.
-Нийслэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил сүүлийн хоёр жил сүрхий явлаа. Нийтдээ хэчнээн км замын засвар, шинэчлэлийн ажил хийгээд байна вэ?
-2024, 2025 онуудад нийтдээ 100 гаруй байршил дээр 232 км зам засвар, шинэчлэлийн ажил хийлээ. Улаанбаатар хотын гол гудамж, замуудын нийт урт нь 272 км байдаг. Одоогоор гол замуудынхаа 80 гаруй хувийг шинэчилж дууссан байна. Харин Таван шараас Саппорогийн уулзвар хүртэл, Сонсголонгийн автозам, Энгельсийн гудамж, Гачуурт, Бэлх, Сэлх, Монелийн уулзвараас хойших чиглэл зэрэг арав гаруй байршил дээр ирэх жил зам засварын ажил хийхээр төлөвлөөд байна. Шинээр баригдаж буй автозамын бүтээн байгуулалтын хувьд Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг буюу Ард- Аюушийн өргөн чөлөөний гудамж хүртэл холбох 3.2 км автозамыг аравдугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энд түүхэнд байгаагүй буюу зөвхөн автозам дээр явагдсан хамгийн их газар чөлөөлөлт хийсэн. Нийт 330-аад нэгж талбарыг чөлөөлсөн. Дээрээс нь дам нөлөөлөлд автсан айлууд ч байсан учраас замын ажлыг эхлүүлэхэд багагүй хугацаа орлоо. Мөн өнөө жил ашиглалтад орсноосоо хойш 60 гаруй жил засвар шинэчлэл хийгдээгүй байсан Зайсангийн гүүрний ажлыг дуусгалаа. Одоогоор Эрчим хүчний гудамжийг дөрвөн эгнээ болгон өргөсгөж, есдүгээр сарын 15 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Плэйтайм цогцолбор” хүртэлх 4.4 км замын ажил явж байгаа. Энэ бол аялал жуулчлалд нөлөө үзүүлэх зам. Нийслэл хотыг тойрсон төвлөрсөн хогийн цэгүүд засмал замгүй. Үүнээс болж автомашинууд яг хог хаях талбай руу орохгүй, наана асгачихаад яваад өгдөг үзэгдэл бий. Өнөө жил Морингийн даваа, Нарангийн энгэрийн хогийн цэгийн автозамын засвар шинэчлэлийн ажлыг хийлээ. Удахгүй Цагаан давааны хогийн цэгийн замын ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Морингийн давааны хогийн цэгийн замын ажил есдүгээр сарын 1 гэхэд хучилтаа аваад бүрэн дуусна.
-Туулын хурдны зам, хотын тойрог автозамын бүтээн байгуулалтыг яг хэзээнээс эхлүүлэх вэ. Хаагуур, хаагуур яаж огтлолцож явах зам билээ?
-Эхнийх нь Яармагийн шинэ гүүрнээс цааш, Богд уулын араар дамжин Наадамчдын гүүрнээс урагшаа Нүхт дайраад “Залуус
Дэлхийн банкны төслөөр хэрэгжих учраас энэ онд тендерээ зарлаад ирэх жилээс ажил нь эхлэхээр төлөвлөж байгаа. Туулын хурдны зам нь хотын зүүн талд Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл 32 километрийн урттай баригдана. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилнэ. Энэ бол Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа цогц авто замын төсөл. Туулын хурдны замын ажлын хүрээнд 9.8 км урт гүүр, 190 урт метр тунель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвартай байна.
Тойрог замын трансын хувьд эхлэлийн цэг нь Наадамчдын замын зургаан эгнээ шинэ гүүрээс Энхтайваны өргөн чөлөөгөөр нэг гарч ирж байгаа. Эндээсээ цаашаа даваад Содон хорооллоос Ард-Аюушийн гудамж руу дахиад нэг огтолцол орж ирнэ. Дараагийнх нь Баянхошуу дэд төв рүү орж ирж байгаа. Тэндээсээ зүүн тийшээ эргээд Долоон буудлын Цагдаагийн пост руу “Далан давхар” оршуулгыг нүхэлж тунель байдлаар ороод цаашаа Сэлбэ дэд хотынхоо залгаа доогуур нь явах маршруттай. Энэ зам тэр чигээрээ үргэлжлээд Монель хүрнэ. Нэг ёсондоо хуучин “Ганц худаг”-ийн хорих ангийн урдуур буюу Жамсран уулынхаа араар тойроод үргэлжилж явсаар байгаад “Да хүрээ” захын баруун талаар орж ирнэ. Тэндээсээ Жанжин клубийн яг хойгуур нь дайраад урагшаа явсаар Цэцэрлэгт хүрээлэнгээр нэвт дайрч Туулын хурдны замтай нийлнэ гэсэн үг. Ингэж Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болох юм. Ер нь туслах замууд нийлээд бараг 50 гаруй км урттай бүтээн байгуулалт болно.
Уг нь энэ замын зураг 2012 онд хийгдсэн боловч тендерээ ч зарлахгүй явсаар өдий хүрсэн. Харин гүйцэтгэгч нь сая долдугаар сард шалгарч байна. Хурдны замын гэрээ 2025 оны наймдугаар сарын 15-нд байгуулагдсан. Бид 24 сардаа зорчих хэсгийн хөдөлгөөн нээж, 36 сардаа бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Салбар яамдаас өргөн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулаад шахаж явна. 2026 оны нэгдүгээр сарын 1 гэхэд бэлтгэл ажлууд хангагдчихсан, түр замууд ч тавигдчихна. Өвлийн улиралд ч ажиллахаар зорьж байгаа. Энэ хугацаанд бэлтгэл ажлын талбай дээрээ дам нуруунуудаа цутгана. Өдөртөө ойролцоогоор 120 дам нуруу бэлтгэх нормтой ажиллана.
-Эдгээр зам ашиглалтад орвол нийслэлийн автозамын түгжрэл 50 гаруй хувиар буурна гэж хотын дарга хэлж байсан. Гэтэл нөгөө талд хэтэрхий өндөр төсөвтэй байна, мөнгө угаалаа гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд бишгүй харагдах боллоо. Манайд анх удаа баригдах энэ том бүтээн байгуулалтын ажилд үүсч болох хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн тооцоолсон бэ?
-Тухайн байршил дээр 1.2 сая тн арматур, найман сая метр куб хайрга, дайрга буюу далангийн материал орж байгаа. Мөн 400 мянган тн цемент, 32 мянган тн битум шаардагдана. Объёмоор нь авч үзвэл асар том бүтээн байгуулалтын ажил. Энэ бол 9.8 км урттай, зургаан эгнээ гүүрэн байгууламж. Дээр хэлсэнчлэн туслах гүүрэн байгууламж буюу олон түвшний долоон орц, гарцтай. Салж байгаа гүүрэн байгууламж нь 2.8 км. Нийтдээ 13 км урттай зам дан гүүрэн байгууламжаар орж байгаа. Дээрээс нь нэмээд 40 км далангаар явах, зургаан эгнээ үндсэн зам гэх зэрэг Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш хөндлөн гарч байгаа зам учраас байж болох бүх шугам сүлжээтэй огтлолцоно. Тэр болгоныг шилжүүлэх ажил бий. Ялангуяа өндөр хүчдэлийн болон 220 МВт, 110 МВт-ын цахилгааны шугамууд бий. Эдгээрийг шилжүүлэх ажил бас л өндөр зардалтай. Бараг 200-гаад тэрбум төгрөг тэр чигээрээ энэ шилжүүлэх зардал руу орчихож байгаа юм. Туулын хурдны зам ашиглалтад орсноор түгжрэл 15 хувь буурна. Тэр дундаа Эрчим хүчний гудамж, Наадамчдын зам, Яармаг, Чингисийн өргөн чөлөө гэсэн замуудын ачаалал багасна. Харин тойрог замын хувьд түгжрэлийн ачааллын 40 хувийг нимгэлнэ. Ингэснээр нийслэлийн автозамын түгжрэл 50 гаруй хувиар буурч байгаа юм. Яагаад гэвэл Яармагаас Долоон буудал руу очихын тулд заавал төвийн замаар түгжрэхгүй явах сонголтуудыг иргэддээ өгч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Яармагаас Долоон буудал юм уу Баянхошуу руу зорчих гэхээр Таван шар, Гурвалжингийн гүүрээр явах болно. Тэгвэл хурдны зам ашиглалтад орвол өөр сонголт бий болж, бусад замын ачаалал буурна.
-Дэлхийд хурдны зам дээр зорчих тээврийн хэрэгслүүдэд 120-130 км цаг хүрэхийг зөвшөөрдөг. Харин манай улсын хурдны дээд хязгаар 80 км цаг байдаг. Тэгэхээр шинээр тавигдах хурдны зам ямар стандартаар баригдах вэ?
-Манай улс хурдны замын стандартгүй орон. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох максимум хурд 80 км цаг байдаг. Тэгэхээр АНУ шиг “Freeway”-ээр явлаа гэхэд эргэлтийн радиус налуу гэх мэт маш олон стандартын өөрчлөлтүүд орж ирнэ. Асфальтны зузаанаа ч гэсэн авах хэрэгтэй. Хурдтай явж байгаад зогсох юм бол маш олон машин түгжирнэ. Улаанбаатар хотын зам шиг 10, 11 см-ийн зузаантай асфальт хучилттай хийц чанарын шаардлага хангахгүй. Тэгэхээр бид хучилтын бетоноо 20 см-ийн зузаанаар төлөвлөж байгаа. Доод үеүддээ 40, 40 см байх зэргээр чанарыг нэгт тавина. Ер нь олон улсын стандартын дагуу барихаар бэлтгэл ажлаа хийж байгаа гэсэн үг.
-Хурдны болон тойрог замтай болсноор эдийн засгийн хувьд, иргэдийн амьжиргаанд ямар үр өгөөжтэй байх вэ?
-Нийслэлчүүд замын түгжрэлээс болж жилдээ алдагдсан боломжийн өртөг гэж гурван их наяд төгрөг алдаад байгаа. Энэ бол зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэж буй үзүүлэлт. Үүнээс гадна гэр бүлтэйгээ байх хугацаа, хүүхдээ хүссэн дугуйланд нь явуулах, сурч хөгжих боломж зэрэг бүх зүйлээ түгжрэлд золиосолж байна гэсэн үг. Энэ нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй ч нийгэм, эрүүл мэндэд хор хохиролтой байдаг юм байна. Тэгэхээр бид өндөр төсөвтэй гээд том төслүүдээ хөдөлгөхгүй хойш тавиад л байх юм бол эдийн засгийн ямар ч ахиц гарахгүй. Өнөөдөр 2.9 их наядын өртөгтэй хурдны замын төслийн дүн асар өндөр тоо шиг сонсогдож байгаа боловч арван жилийн дараа эдийн засагт үр өгөөжөө өгсөн байна. Үүнийг алдагдсан өртгийн боломжоор тооцоод үзэх юм бол таван жилийн дараа аль хэдийнэ зардлыг давах хэмжээний эдийн засгийн эерэг нөлөө үзүүлнэ.
-Жилээс жилд автомашины тоо мэдээж буурахгүй. Тэгэхээр замынхаа сүлжээг сайжруулж, олон болгох, давхар гүүрэн байгууламжууд хийх ёстой гэж судлаачид хэлэх юм билээ…
-Нийслэлийн замын хөдөлгөөнд жилдээ 40-80 мянган машин нэмэгдэж байна. Бид хэчнээн гэр хороолол дундуураа зам тавиад явлаа ч гэсэн түгжрэлийг бууруулж чадахгүй. Гэтэл манайхан олон түвшний огтлолцол ганц, ганц уулзвар дээр нэмэхээр түгжрэл буурах юм шиг бодоод байдаг. Гэрлэн дохиотой уулзварын нэвтрүүлэх чадвар нэг эгнээнд ногоон гэрэл тасралтгүй аслаа гэхэд цагт 800 автомашин байдаг. Гэрлэн дохио солигдвол цагт 200 автомашин нэвтрүүлэх боломжтой болдог. Ингээд үзэхээр гурван эгнээ зам цагт 600-хан машин нэвтрүүлж байгаа. Дараагийн гэрлэн дохион дээр очихоор дахиад л түгжирнэ. Одоо “Home plaza”-гийн уулзвар ерөөсөө ийм. Бид энэ уулзвар хүртэл Олимпийн гүүрээ тавьчихаад байхад түгжрэл байсаар л байгаа. Өмнө Шангрилагийн орчмоос тэр уулзвар дээрх төмөр замын гармыг давах гээд Нарны замын гэрлэн дохионоос эхлээд түгжирдэг байсан. Харин одоо тэр нь цаашаа сунаад “Home plaza”-гийн гэрлэн дохион дээр очоод түгжирч байна гэсэн үг. Тэгэхээр бид дараагийн уулзварууд нь гэрлэн дохио байхгүй хувилбаруудыг зөв оновчтой сонгох ёстой. Хэчнээн олон түвшний уулзвартай болсон ч чанарын ялгаагүй болчихоод байгаа биз. Иймд ирэх жил Таван шарын Моносын уулзварыг нүхэн гарцтай болгоно. Бас Механик инженерийн сургууль (МИС)-ийн уулзвар байна. Энэ хоёр байршил дээр ямар нэг түгжрэл үүсгэхгүй байхаар гүүрэн байгууламж хийхээр төлөвлөж байгаа.
-Хурдны замтайгаа зэрэгцээд метроны төслөө хэрхэн уялдуулж төлөвлөж байна вэ?
-Метроны төсөл газар доогуур, хурдны зам нь газрын дээгүүр явах болохоор транс давхацлаа аль болох хол авна. Туулын хурдны зам баригдаад явахаар Маршал, Яармаг, Зайсан, Наадамчид, Сонсголон, Улиастайн гүүрэн дээр ажил хийгдэж байхад ямар нэгэн байдлаар хөдөлгөөн зогсохгүй байхаар бид ажлаа төлөвлөөд явж байгаа. Энэ зургаан гүүрний аль нэг нь хаагдахад замын хөдөлгөөн тэг зогсолт руу орно. Тиймээс бид гол гүүрүүдээ аль болох хөдөлгөөнд саадгүй байдлаар ажиллана.
-Улаанбаатарын баруун, зүүн чиглэлд орц гарц нэмэгдүүлэх ямар боломж байна вэ. Сая хэд хоногийн өмнө Таван шарын нүхэн гарцын шугам сүлжээний ажлыг хийх үед хотоос баруун тийших урсгал хүнд байлаа шүү дээ?
-Эмээлтийн төлбөр хураах цэгээс Морингийн даваа хүртэл баруун талаасаа орц гарц нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Зураг төсөл нь бэлэн болсон. Харин хотын зүүн чиглэлд ирэх жил Дэлхийн банкны төслөөр Нарны замын өргөтгөл хийгдэнэ. Нарны замын Нарантуулаас нохойтой хөшөө рүү эргэдэг хэсгээс үргэлжлээд Гачууртын уулзвар хүртэл замыг өргөтгөх ажил өрнөнө. Энэ жил гүйцэтгэгч нь шалгарсан. Хотоос зүүн тийш гарах урсгалын ачаалал харьцангуй гайгүй. Налайхын зам дөрвөн эгнээ учраас бас ч боломжийн. Налайхын зам дөнгөж дуусаад Улаанбаатар руу орж ирэх хэсэг дээр Туулын хурдны замын эхлэл угтах юм. Тэр үед иргэд маань сонголтоороо зорчих боломжтой. Энэ замаар зүүн талаасаа баруун тийш нэвт гараад явдаг болно гэсэн үг. Эсвэл тойрог зам руугаа ороод хойгуураа явах сонголттой болно.
-Туулын хурдны замын орц гарц хаана, хаана байгаа вэ?
-Эхнийх нь сая хэлдэг Налайхын замаас орж ирэх хэсэг байна. Дараагийнх нь Дүнжингаравын нүхэн гарц руу орж болох хэсэг. Цаашлаад “Мишээл экспо” руу гарч болж байна. “Мишээл экспо”-гоос уулын зам руу гарч болж байна. Дүнжингаравын нүхэн гарцаас бас уулын зам руугаа гарч болно. Үргэлжлээд Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр, 22-ын товчооны зам руугаа гарах сонголтуудтай. Ялангуяа нийслэлийг дайран өнгөрөх транзит тээврүүд заавал хотын төв рүү орж, түгжрэл үүсгэх шаардлагагүй. Хурдны замаар шууд хотоос гараад явчихна гэсэн үг.
-Туулын хурдны зам, тойрог замтай холбоотой газар чөлөөлөлт хэр явагдах вэ?
-Яг талбай дээр үзээд хэмжилтүүдээ нарийвчлаад хийхэд зарим байршил өөрчлөгдөхгүй гэхийн аргагүй. Газар чөлөөлөлт нэмэгдээд явна гэсэн үг. Одоогоор 116 байршилд газар чөлөөлөхөөр байсан. Ер нь голын хэсгүүд гэр хорооллын бүс биш учраас гайгүй. Дандаа цөөхөн байршилд том, том объектууд болох үйлдвэрийн зориулалттай газрууд бий. Гэр хорооллын бүс буюу тойрог зам руу орохоор 2900 нэгж талбар чөлөөлөхөөр байгаа. Сэлбэ дэд төвөөс илүү их газар чөлөөлөлт шаардагдаж байна. Иймд нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтөө эртхэн эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.
-Чанаргүй замын асуудал байнга л яригддаг. Дөнгөж тавиад удаагүй зам нь ганц борооны ая даахгүй урсчихаж байна. Сошиал орчин хөгжсөн өнөө үед бараг хүн бүхэн л зураг, бичлэг хийх юм. Замын чанарын асуудлыг тухайн гүйцэтгэгч компани хариуцах ёстой биз дээ. Үүн дээр нийслэлийн зүгээс ямар шаардлага тавьж ажиллаж байна?
-Тухайн зам хийгдэж байх үед талбай дээр нийслэлийн хяналтын инженерүүд хяналтаа тавиад явж байгаа. Асфальтан бетон хучилт хийхээс өмнө бүх талбай шалгалт, туршилтууд явуулсны дараагаар зөвшөөрөл өгдөг. Арваад жилийн өмнө зам цас, борооны усанд урсдаг байсан байх. Тухайн үед энэ салбарт мэргэжлийн бус хүмүүс орж ирж ажилладаг байсантай холбоотой гэж хардаг. Дээрээс нь 2012-2022 он хүртэл ус зайлуулах хоолойгүй замууд ихээр хийгдсэн. Ус зайлуулах хоолой тавих гэхээр “Төсөв өндөр болоод байна. Наадахаа хас” гэцгээдэг. Үе үеийн УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид ялангуяа ард түмэнд таалагдахын тулд өндөр төсөв таначихлаа хэмээн сайрхсаар ирсний горыг өнөөдөр нийслэлчүүд амсаж байна. Чингисийн өргөн чөлөөний зам, Нарны гүүрэн доогуур ус зайлуулах хоолой байхгүй. Нарны гүүрээс Энгельсийн гудамжаар цаашаа гараад МИС-ийн уулзвар хүртэл ус зайлуулах хоолой бас л хийгээгүй юм билээ. Вокзал мөн адилхан. Нарны зам нь усаа аваад байдаг боловч Вокзалаас баруун тийш үргэлжилсэн зам нь ус зайлуулах хоолойгүй. Энэ мэтчилэн иргэдийнхээ татварын мөнгийг таналаа гэж попрохдоо ус зайлуулах хоолойд тавьсан мөнгийг хасчихдаг. Ус бол асфальтан замыг эвддэг ганц дайсан. Яагаад гэвэл усанд задардаг. Гэтэл мэргэжлийн бус хүмүүс үүнийг ойлгохгүй явсаар байгаад замууд маань ус зайлуулах хоолойгүй хийгдэж ирсэн байна. Одоо бид араас нь хөөгөөд 25 байршил дээр 40 гаруй км ус зайлуулах хоолой суурилуулаад явж байгаа. Ер нь замын эвдрэл гэмтэл олон шалтгаантай. Ус зайлуулах хоолойноос гадна материал, технологийн дараалал алдагдах, орц найрлагаа алдагдуулах, хучилтын зузааныг буруу тооцоолох зэргээс болж байна.
-Хотын бродюрын асуудал хоёр жил яригдлаа. Явган хүний замын хавтангууд солих ажил олон нийтийг бухимдуулж байна. Заавал бродюр, хавтан солих шаардлага байсан юм уу?
-Нийслэлийн ихэнх автозамууд бетон хашлагатай байлаа. Нэг ширхэг нь 27 мянган төгрөгийн үнэтэй. Одоо үнэ нь өсөөд 32 мянган төгрөг болсон. Монголд зорогч машин байхгүй. Өмнөх хийгдсэн замууд долоон см зузаан асфальттай. Жилээс жилд идэгдсээр байгаад зарим нь хоёр, гуравхан см болсон байхыг ч үгүйсгэхгүй. Зороод хийчихье гэхээр доод талын суурь нь гарч ирээд байдаг. Тэгэхээр асфальт 20 см зузаан хүрсэн үед хашлага өндөрлөх шаардлагагүй. Одоо чулуун хавтан яагаад сольж байгаа юм бэ гэхээр бүгдээрээ 10-аас дээш жилийн насжилттай, элэгдэж, нимгэрсэн. Гэтэл улсын хэмжээнд хашлагын хоёрхон үйлдвэр байдаг. Үйлдвэрээс нь аваад хийе гэхээр өдөрт 250-хан ширхэг гарах хүчин чадалтай. Гэтэл нэг км замыг засъя гэвэл 2000 ширхэг хэрэг болно. Өнгөрсөн жил 132 км зам, өнөө жил 232 км зам засна гэхээр 540 мянган ширхэг хашлага хэрэг болно. Өдөрт үйлдвэрлэж байгаа хүчин чадалдаа хуваагаад үзэхээр ийм хэмжээний хашлага хэдэн жилийн дараа бий болж гарах вэ гэдэг асуудал үүснэ. Бид цаг хугацаандаа хэзээ ч амжихгүй. Хоёрдугаарт, үйлдвэрлэгч нь нийлүүлэх боломжгүй байдаг. Ингээд бид Чулуу үйлдвэрлэгчийн холбоонд хандсан. Чулуун бродюр хийе гээд. Энхтайваны өргөн чөлөө гэхэд дандаа чулуун хашлагатай, 17 жил болж байгаа. Хэв хэвээрээ байна. Дахиад арваад жил гар хүрэхгүй бол чулуун хашлага 40, 50 жилийн эдэлгээ даах чадвартай, тэсвэр өндөртэй. Харин 27 мянган төгрөгөөр авсан хашлагыг жил болгон солино. Таван жилийн дараа ялгаа байхгүй 130 мянга болчихож байгаа юм. Нэг удаа 110 мянгаар чулуун бродюр тавиад 50 жилдээ солихгүй байсан нь илүү байгаа биз дээ. Урт хугацаандаа эдийн засгийн үр ашигтай. Ингээд чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой холбогдоод та нар тоног төхөөрөмжөө сайжруул гээд 10 тэрбум төгрөгийн хүүгүй зээл өгчихөж байгаа юм. 2023 оны 12 дугаар сард зээлийн санхүүжилт нь шийдэгдээд үйлдвэрүүдээ барьж эхэлсэн байдаг. Харамсалтай нь найман сарын дараа ганцхан компани бэлэн болсон. Бусад үйлдвэр нь ирээгүй гэж байсан. Үүнээс болоод гүйцэтгэгч компани хохирч болохгүй. Хувийн компаниудын хариуцлагагүй байдал байна. Бид стандарт тавьсан, энэ дагуу чулуун хашлага импортолсон гэсэн үг. Явган хүний замуудаа үндсэн арван байршил дээр чулуугаар хийнэ. Хотын өнгө үзэмж гэдэг утгаараа жигд стандарттай байна. Хот бол нэг төлөвлөлттэй байх ёстой. Бусад гудамж, хотын захын явган хүний замууд асфальт бетон хучилттай явна.
-Сүүлийн үед мопед, скүүтер зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч, осол аваар ч нэмэгдлээ. Зарим нь явган хүмүүстэй чихцэлдээд түгшүүртэй. Тэгэхээр шинээр төлөвлөж байгаа замууддаа тэдэнд зориулсан зорчих хэсэг гаргаж байгаа биз дээ?
-Шинэчилсан замууддаа бид аль болох геометр хэмжээсийг нь харж байгаа. Одоо манай замын нэг эгнээний өргөн 3.5-3.75 метрийн өргөнтэй. Энэ бол өргөн зам. Бусад дэлхийн хотууд үүнээс нарийн байдаг. Яагаад гэвэл хот дотор хурдтай явах шаардлагагүй. Улаанбаатарын хувьд байнга түгжрэлтэй учраас бүр ч боломжгүй. Гэтэл манайхан оройн цагаар өргөн замуудад хурдтай давхиад осол их гаргадаг. Хурдтай үед осолдвол амь насаа алдах эрсдэл өндөр. Тэгэхээр аль болох замынхаа өргөнийг гурван метр болгоод танаж байгаа. Нэгдүгээр эгнээ нийтийн тээвэр явах учраас 3.5 метр хэвээрээ. Харин хоёр болон гуравдугаар эгнээг гурав, гурван метр болгож байна. Үлдсэн нэг метрээ хоёр дугуйтнуудад гаргаж өгье гэж байгаа. Өнгөрсөн жил Нарны замд гаргаж өгсөн. Харамсалтай нь дэлгүүр орох гэж байгаа нөхдүүд битүү машинаа тавьчихдаг учраас дугуйн зам ашиглагдахгүй болчихоод байдаг. Их тойруу, Чингисийн өргөн чөлөө, 10 дугаар хорооллоос Нарны замаар Амгалан хүртэл тэр чигээрээ дугуйн замтай. Үүнийгээ бүрэн ашиглаад явж болно гэсэн үг. Жил болгон бид зам засварын ажил хийхдээ үүнийг зайлшгүй төлөвлөөд явж байгаа.
М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: Өдрийн сонин
Б.Одбаяр: Түгжрэлээс үүдэлтэй нийслэлчүүдийн алдагдсан өртгийн боломж гурван их наядаар хэмжигдэж байна |
2025-08-26 11:49:28
2025-08-26 11:15:39
2025-08-26 11:13:40
2025-08-25 13:24:18
2025-08-25 13:23:43
2025-08-25 13:22:18
2025-08-25 13:21:24
2025-08-25 13:20:38
2025-08-25 11:21:04
2025-08-23 02:55:14