Цахим орчинд тухайн хүний зөвшөөрөлгүй дуу, дүрс бичлэгийг нь тараавал ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг талаар хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхчимэгтэй ярилцлаа.
-Бусдын дуу, дүрс, бичлэгийг зөвшөөрөлгүй түгээсэн этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Тухайн хүний зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийг нь авах, дуу дүрсний бичлэг хийх, хийсэн бичлэгээ бусдад дамжуулах, олон нийтэд цацах нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ асуудлыг Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулдаг. Зөрчлийн тухай хуульд тухайн зураг, дүрсийг бусдад үзүүлсэн, эсвэл хуулбарлаж өгсөн, олон нийтэд тараасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал тухайн хүнийг 500 нэгжээр, харин хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгодог. Харин Эрүүгийн хуульд заасан хариуцлага нь илүү хүндэрнэ гэсэн үг. Харин ямар нэгэн дуу дүрсний бичлэг хийгээд олон нийтэд тараахдаа тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хувь хүний халдашгүй байх эрхэд халдсан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хуулиар тодорхойлсон байдаг. Энэ нь ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, зочид буудал, караоке, мөн эмнэлгийн байгууллага дотор бичлэг хийсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх юм. Ямар хариуцлага хүлээлгэх вэ гэхээр 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгоно. Мөн 240-720 цаг нийтэд тустай ажил хийх, эсвэл 1.6 жил зорчих эрхийг хязгаарлах гэх мэт сонгох ялтай Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.
-Таны хувьд өмнө нь энэ төрлийн гомдол дээр ажиллаж байсан уу. Тодорхой жишээ дурдвал?
-Өмнө нь ажиллаж байсан шүүхийн маргааны хувьд өөрийнх нь зургийг олон нийтийн сүлжээнд тавиад, тухайн хүний талаар илт худал мэдээлэл тараасан асуудал гарсан. Түүнчлэн залилантай холбоотой асуудлаар тухайн хүнийг төөрөгдүүлсэн мэдээллийг цацаад, олон давтамжтайгаар группүүд рүү шейр хийсэн байсан. Тухайн үед хохирогч иргэн “Миний гэр бүл, ойр дотны таньдаг хүмүүст худал мэдээлэл хүрчихлээ. Зургийг маань тавьсан учраас намайг гэж ойлгоод итгээд байна” гэх асуудал үүссэн. Үүний дараа худал мэдээллээ залруулах, нэр төрөө сэргээлгэх ажиллагаа иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн. Мөн худал мэдээлэл тавьсан этгээд мэдээллээ залруулаад, тавьсан мэдээллээ цахим орчноос устгаж байсан тохиолдол бий.
-Энэ асуудалтай холбоотой гэр бүл салалт гэх мэт асуудал үүсдэг гэдэг?
-Гэр бүлээс гадуурх харилцааг өөр байдлаар зохицуулах шаардлагатай. Одоогоор гэр бүлийн тухай хуульд нарийвчлаад зохицуулсан зүйл байхгүй учраас дийлэнх хүмүүс гуравдагч этгээдийн зургийг тавих, тараах зэрэг асуудал үүсдэг. Энэ нь эргээд өөрсдөө Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх шаардлагатай болдог.
-Дуу, дүрс бичлэгийг түгээж байгаа этгээд өөрийнхөө хаягаар шууд түгээхгүй. Тэгэхээр анх энэ хууль бус үйлдлийг хийсэн эх сурвалжийг олох боломжтой юу?
-Тухайн хаягийг олох боломжтой. Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад олж болно. Тиймээс хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Хууль зөрчсөн асуудлыг тусдаа шалгаад явна гэсэн үг. Гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг шүүх шинжилгээний байгууллага тогтоодог. I-V зэрэглэл хүртэл тогтоогоод, шинжээчийн дүгнэлтийн дагуу сэтгэл санааны хохирлыг тогтооно.
-Үүнээс гадна сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг цахим хуудастаа тавих тохиолдол их болсон. Энэ нь мөн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байдаг байх?
-Хичээлийн шинэ жил эхлээд хүүхдийнхээ зургийг цахим орчинд эцэг эхчүүд маш их тавьж байна. Энэ нь нэг талаасаа буруу. Хүүхдийн дүрсийн эрх гэж зүйл яригддаг. Хүүхэд өөрийнхөө дүрсийг бусдад харуулмаар байгаа юу гэдэг нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, тухайн хүүхдийг ямар сургуульд, ямар ангид орж байгааг цахим орчинд мэдээлж байгаа нь гэмт хэрэг үүсэх шалтгаан болох эрсдэлтэй. Ер нь эцэг эхчүүд аль болох хүүхдийнхээ мэдээллийг цахим орчинд нийтлэхгүй байх хэрэгтэй. Мөн иргэд байгаа байршлаа цахим орчинд зааж өгөөд “стори” хийдэг. Олон нийтэд байршлаа хуваалцах шаардлага гарсан тохиолдолд тухайн байршлаасаа гарсны дараа нийтэлж байх нь зөв. Энэ нь мөн гэмт хэрэг үүсэх шалтгаан болдог.
Г.БАЛГАРМАА
Эх сурвалж: Өдрийн сонин
Ц.Мөнхчимэг: Тухайн хүний зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, бичлэг хийх, олон нийтэд тараах нь хууль зөрчсөн үйлдэл |
2025-09-04 12:11:22
2025-09-04 12:10:54
2025-09-04 12:10:17
2025-09-04 12:06:39
2025-09-04 12:05:22
2025-09-02 12:30:53
2025-09-02 12:29:59
2025-09-02 12:28:56
2025-09-02 12:25:40
2025-09-02 12:24:22