Пүрэв, 2025-09-04
Монголчуудын 72 хувь: Монгол Улс буруу тийшээ явж байна

Монголд бизнесийн салбарынхан 20 гаруй жилийн өмнөөс судалгаа тандалтын ач холбогдлыг ойлгож, үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Улс төрийн салбарынхан сүүл үеийн 3 сонгуульт хугацаанд судалгааг сүрхий ашиглах болсон. Нэн ялангуяа: Нэр хүндтэй том намууд, нэр нөлөөтэй том улстөрчид судалгааг байнга хийлгэдэг болжээ. Судалгааны байгууллагууд ч тэр анзаагаар нэмэгдэж хөгжиж, сүүлдээ аль аль нам, хэн хэн улстөрчдийн захиалсан судалгааны дүн хоорондоо айхтар зөрөхөө больж байгаа юм байна.

Ойрмогхоны нэг судалгаа байна. Намуудын нэр хүнд, ард иргэдийн хэрэгцээ шаардлага, төрд үзүүлэх итгэл, дэмжлэгийн талаарх судалгаа.

Тэрний дүн ард иргэдийн халаглаж ярьдаг ч төрд хүрдэггүй үгтэй яв цав таарч.

Нэгт: Намуудын нэр хүндийг ард иргэд хэрхэн үнэлснийг 24 оны сонгуулиас хойш энэ 9-р сарыг хүртэл дүгнэжээ. Тэрүүгээр: Сонгуулиас хойш намуудад өгсөн иргэдийн дэмжлэг ихэвчлэн тогтвортой байсан. Харин АН сүүлийн 2 сарын хугацаанд МАН-ыг гүйцэж түрүүлсэн байна. 24 оны сонгуулийн үеэр МАН 35, АН 30 хувийн дэмжлэг авч байж. 2025 оны 5 дугаар сар гэхэд МАН 38, АН 40 болж өссөн байна. Хамтарсан Засгийн газрыг огцруулсан үе гэсэн үг. Цаашилж: 7 дугаар сард хоёул 33 хувь, 8 дугаар сард МАН 32, АН 34 болж, сая 9 дүгээр сард АН 35, МАН 29 болжээ. Базах нээ: МАН 24 оны сонгуулиар иргэдээс авсан саналынхаа дөнгөж 49-ийг нь авч үлдсэн. Алдагдсан 51 хувь нь АН болон жижиг намуудад тарж хуваагдсан байна.

Мөн бас: Төр засгийн ажил арга замд өгсөн үнэлгээ тийм ч таатай биш болж ирж. Сүүлийн саруудад, нэн ялангуяа 8, 9 дүгээр саруудад ард иргэдийн 72 хувь: Монгол Улс буруу тийшээ явж байна гэж үзсэн байна. Энийгээ улс орны эдийн засаг муу, иргэд ядуу байна. Тухайлбал, үнийн өсөлт, ажилгүйдэлтэй холбоотой гэжээ.

Энэнээс гадна ард иргэдийн дийлэнх олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг олигархи Засгийн газар бүрдсэн гэж үзжээ. Нээрээ л сүүлийн үед Г.Занданшатарын танхимын сайд нарын нэгийнх нь аав нөгөөг нь муулж яриад хэн нь хэнийгээ захиалж ингүүлээд байгаа нь ойлгох аргагүй болсон. Нэг сайдын аавын хийж байгаа ажлын үр дүнд Гашуунсухайтын гэрээг цуцалж Тавантолгойг өөр тийш эзэмшүүлэх зорилготой нь бараг илэрч байна.

Энэ мэт улс төр нь хэтэрч, эдийн засаг нь хойно хоцроод нээрээ л ард иргэдийн үзсэнээр Монгол Улс буруу тийш яваад байх шиг…

 

Ө.Билэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Монголчуудын 72 хувь: Монгол Улс буруу тийшээ явж байна
2025-09-04 12:10:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0