Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Турк улсад болж, AI буюу хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж болох талаар түлхүү ярилцсан.
Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна. Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх орноо сурталчлах гээд олон давуу талыг бий болгодог.
"ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" олон улсын хурлын албан ёсны үйл ажиллагаа ирэх пүрэв гарагаас эхэлнэ. Мөн энэхүү хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагддаг бөгөөд 10 орчим улсын уран бүтээлчид оролцохоор байна. “ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм.
Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн холбоо юм. Гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан ABU нь Ази-Номхон далайн бүс нутаг даяар 3 тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг. Тус холбоо нь 1964 онд ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан. ABU нь хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчдын хамтын ашиг сонирхлыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг дэмжинэ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Холбоо нь нийгмийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах дэлхийн тоглогч болсон. Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй. ABU нь өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техникийн, хууль эрх зүйн, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал, зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг. Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм.
"ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" Олон улсын хурал маргааш эхэлнэ |
|