УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр:
Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу цар тахлын үеийн бэлэн байдлын дадлага сургуулилалтыг ирэх тавдугаар сарын эхээр хийнэ. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргатай ярьж зохион байгуулна. Энэ сургуулилалтад иргэдээ оролцуулна. Ингэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй.
Цар тахлын үед гэртээ хөл хорионд байх стандарт байдаг. Үүнийг хэрэгжүүлж хэвшүүлэхэд энэ дадлага сургуулийг чиглүүлж байгаа.
Өчигдөр УОК-ын 18 дугаар хуралдаан болсон. Энэ хурлаар гадаадад байгаа иргэдээ үргэлжлүүлэн татаж авах асуудлыг хэлэлцсэн. Бид гадаадад байгаа иргэдээ татаж авахыг маш их хүсэж байгаа. Гэхдээ дотоодын нөөц бололцоо маань хязгаарлагдмал байгаа гэдгийг иргэд маань ойлгох учиртай. Ингээд энэ сарын 30-нд Сөүл рүү, ирэх тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц нисгэнэ.
Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд тавьж байгаа үндсэн таван шалгуур бий. Тухайлбал өндөр настай, эмчилгээнд явсан, бага насны хүүхэдтэй гэхчлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас гадна ирээд зардлаа төлөх чадвартай гэхчлэн. Энэ шаардлагууд хэвээр тавигдана.
Түүнчлэн гадаадад сурч байгаа 18 наснаас доошхи насны оюутнуудаа татаж авна. Германаас транзитаар ирэх иргэд цөөнгүй байгаа байх. Тусгай үүргийн онгоцоор ирэх бүх иргэд шинжилгээ өгсөн байх шаардлага тавигдана. Ингэхдээ сүүлийн 48 цагийн дотор. Түүнээс өмнө өгсөн шинжилгээний дүнг харгалзаж үзэхгүй.
Бид тусгай үүргийн онгоц ирэх мэдээллийг хамгийн багадаа 9 хоногийн өмнө мэдэгдэж байгаа болхоор ирэх хүмүүс маань урьдчилан явдал суудлаа зохицуулах боломжтой.
Сөүл болон ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц нислэг хийнэ |
|