Бямба, 2024-11-23
Халдвар нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.COVID-19 халдвар дэлхийн 213 орон улс орон, бүс нутагт бүртгэгдэж халдварын улмаас нийт 217 мянган хүн нас бараад байна. ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 3 сая гаруйд хүрсэн. Үүний 1 сая гаруй нь зөвхөн АНУ-д бүртгэгдлээ. Тус улсад 58 мянга гаруй хүн өвчний улмаас эндсэн байна. Сингапурт тохиолдлын тоо 14 мянгад хүрсэн бол ихэнх халдвар гадаадын цагаач ажилчдын дунд байна.
БНСУ-д зөвхөн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүмүүст амны хаалт олгож эхэлжээ. Япон улсад 282 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 112 нь улсын нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Халдварын улмаас нас барагсдын тоо 426-т хүрсэн. 
БНХАУ-ын Эрүүл мэндйин үндэсний хорооны мэдээллээр тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 22 тохиолдол бүртгэгдсэн ба үүний 21 зөөвөрлөгдсөн халдвар байна. Герман улсад шинээр 1144 тохиолдол, 163 нас баралт бүртгэгдлээ" гэж мэдээлэв.
ДЭМБ-ын ерөнхий захирал Европын зарим орнуудад өвчлөл буурч хөл хориог сулруулж байгаа хэдий ч шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа тул халдварыг илрүүлэх, эмчлэх, эдгэрээд гарсан иргэдэд хяналт тавих ажлыг сулруулж болохгүй гэдгийг анхааруулсан байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон улсын хэмжээнд өчигдөр халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг  лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тандалтын зорилгоор Улсын эмнэлэг, нийслэл, дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгээс сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн COVID-19 халдвар илэрсэнгүй.
Тусгаарлалтын хугацаа дууссан 80 хүнийг ХӨСҮТ-ээс гаргалаа. Дараагийн нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах байр, хүчин чадлыг хангаад байна" гэлээ. 

Халдвар нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
2020-04-29 12:50:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0