Бямба, 2024-11-23
Хүүхдийн ертөнцийн ид шид

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, залуусыг нэгтгэж чадаж буй манлайлагчид бол “Лантуун дохио” ТББ-ынхан.  Тэдний санаачлан хэрэгжүүлсэн “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагаа хэдийнэ жигдэрч, “Ид шидийн орон 2” сүндэрлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. “Ид шидийн орон”-д өрнөж буй бүтээн байгуулалтыг сурвалжлан хүргэхээр Сонгинохайрхан дүүргийн X, Баянзүрх дүүргийн XXIII хороог зорилоо.

Сонгинохайрхан дүүргийн X хороо буюу Зүүн салаанд байрлах “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагаа 2017 оноос эхэлсэн. Тус төвд очиход хүүхдүүд амарч байгаа бололтой нам гүмхэн байв. Цоожтой төмөр, сараалжин хаалганы гадна арав орчим насны хүүхэд “Ах аа, би дотогшоо орж тоглох гэсэн юм. Хүүхдүүд байна уу” гээд хаалганы завсараар толгойгоо цухуйлган өгүүлнэ. Харин 50 гаруй насны харуул ах “Хүүхдүүд гарч ирээгүй байна” гэсээр харуулын байрнаас гарч ирлээ. “Ойр хавийн хүүхдүүдийн ганц тоглоомын талбай нь энэ шүү дээ. Хүйтний улирал эхэлж, хүүхдүүд цөөрөөд байгаа нь энэ” гэсээр харуул цоожтой хаалгаа нээн, биднийг оруулав. Хоёр айлын газрын хэмжээтэй энэ хашаанд хүүхдийн ертөнцийн бяцхан ордон сүндэрлэжээ. Хүүхэд хамгааллын цогцолбор болсон тус төвд нийт есөн объект бий. “Ид шидийн орон” хэмээх өнгө алагласан бичигтэй хоёр давхар, улаан судал бүхий байшинд “Хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаа явуулдаг аж. Тус барилгын хоёр давхарт 60 гаруй хүүхдийн багтаамжтай цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бол нэг давхарт нь гал тогоо, номын сан, сургалтын танхимууд бий. Сургалтын арга барилыг үндэсний уламжлалтай хослуулан хөгжүүлэхээр Монгол уламжлалын хичээлийг хүүхдүүдэд ордог гэнэ. Ингэхдээ хөгжлийн төвийн урд байрлах зургаан ханатай монгол гэрт хичээлээ заадаг аж.  Хашааны баруун талд байрлах 8*15 хэмжээ бүхий хоёр давхар, шаргал өнгийн бяцхан “Харш”-ийг “Хүүхэд хамгааллын төв” болгон тохижуулжээ. Хүүхэд хамгааллын төвд эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдүүд хамгаалуулдаг аж. Байшингийн хоёр давхрын цонх онгорхой байх агаад хүүхдүүдийн шуугилдах чимээ тодхон сонсогдоно. Харин энэ шаргал байшингийн урд хэсэгт жижигхэн хүлэмж бий. Хүлэмжид ургуулсан эрүүл чанартай хүнсээр хүүхдүүддээ хоол хийж өгдөг гэнэ. Хашааны баруун урд хэсэгт сагсны талбай байх бөгөөд хүүхдүүдийн зорьж ирдэг гол газар нь уг талбай гэдгийг харуул бидэнд онцлов. Сагсны талбайгаас гадна хүүхдийн тоглоомын талбай, модон савлуур, том саравч гээд олон төрлийн тоглоом энд бий. Цогцолбор бүхэлдээ байгаль болон хүнд ээлтэй бүтээн байгуулалт болсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Учир нь байшингийн дээвэр дээр нарны эрчим хүч үйлдвэрлэх хавтангууд байрлуулж, гэрийн дулааныг шалны халаалтаар шийдсэн байна. Өдөртөө нарны үүсгэвэр гэрийг хангалттай халааж, шөнө нь цахилгаанаар халаадаг аж. Гүний усыг цэвэршүүлэн ундны хэрэглээнд хэрэглэдэг гэдгийг ч мөн тайлбарлав. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй зам талбай, орц гарцуудыг хийсэн нь бүхэлдээ хүүхдэд ээлтэй, ид шидийн бяцхан орон бүтээн байгуулсан нь харагдаж байлаа. Мөн хашааны хойд хэсэгт  зургаан гэр барьсан харагдана. Энд багш, ажилчид байрладаг бөгөөд гэр барих боломжгүй жалгыг шороогоор дүүргэж, гэр кемп байгуулжээ.

“ИД ШИДИЙН ОРОН” ДАХЬ АМЬДРАЛ

Бид гадна орчинтой танилцсаныхаа дараа тус төвийн зохион байгуулагч Б.Аззаяагаас үйл ажиллагааных нь талаар тодруулав.  Тэрбээр “2018 оны нэгдүгээр сарын 1-нээс бид Түр хамгаалах байрандаа хүүхдүүдээ авч эхэлсэн. Энэ хугацаанд бид 146 хүүхэд хамгаалалтад аваад байна. Өнөөдрийн байдлаар манай байранд 1-18 насны 23 хүүхэд бий. Хүүхдүүдээ долоо хоногоос гурван сар хүртэлх хугацаанд  түр хамгаалах байрандаа байрлуулдаг. Манай хамгаалах байр гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг ихэвчлэн авдаг. Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн асуудлыг гэр бүлдээ эргэн очих, асрамж халамжийн төвд хүргэх гэсэн хоёр замаар шийдвэрлэдэг. Ингэхдээ бид хүүхдүүддээ байнгын анхаарал тавьж, нэг жилийн хугацаанд эргэх холбоотой ажиллана. Тухайлбал, харьяа хороо, дүүргүүдтэй хамтарч ажиллах, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрсдэл нь буурсан эсэхийг шалгаж үзнэ. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол тухайн хүүхдийн хэрэг таслагдаж, гэмт хэрэгтэн ял шийтгэлээ авч, аюулгүй болох хүртэл анхааралдаа авдаг. Харин ахиц дэвшил гарахгүй, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хэвээр байвал харьяа дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн асрамжийн газарт шилжүүлнэ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн шалтгаан нөхцөлийг тодруулахад дийлэнх хувь нь архинаас үүдэлтэй, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байдаг.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг бид хамгаалалтдаа авч, сэтгэл зүйн зөвлөгөө, боловсрол, эрүүл мэндийн зэрэг шаардлагатай бүх үйлчилгээг хүргэдэг. Хоёр давхарт байрлах хамгаалах байрны нэг өрөөнд хүүхдүүд дөрөв болон зургаагаараа сууна. Өрөөнд нь хоёр давхар ор, хичээл хийх орчныг бүрдүүлсэн. Харин “Хөгжлийн төв” буюу цэцэрлэг маань гурав дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Сонгинохайрхан дүүргийн  VIII, IX, X, XXIV, XXV хорооны 60 гаруй  хүүхэд суралцдаг. Мөн Хөгжлийн төвд байрлах номын  сангаар манай төвийн хүүхдүүд болон энэ хорооны сургууль цэцэрлэгийн бүх хүүхэд үйлчлүүлдэг. Өдөртөө 20-50 хүүхэд тогтмол ирдэг” гэв.  Хүүхэд хамгааллын байранд байрлаж буй хүүхдүүд рүү гаднын хүн орох боломжгүй аж. Удалгүй хүүхдүүд гадаа тоглохоор хоёр давхраас бууж ирцгээв. Багш нь “Бүгд дулаан хувцсаа өмс. Гадаа хүйтэн байгаа ханиад хүрнэ” хэмээн хойноос нь дуудна. 2-10 насны арав орчим хүүхэд шатаар бууж ирэв. Гадаа гарахаар яарсан бяцхан жаалууд зарим нь углааштай, зарим нь дан цамцтай гадагш гарахаар уралдан гүйлдэнэ. “Багшаа энэ гадуур хувцасгүй байна” гэж бяцхан охин хэлэхэд түүнээс арай том бололтой бас нэг охин багштайгаа хамт хүүхдүүдийн хувцсыг өмсүүлэв. Ингээд хаалга нээгдэхэд хүүхдүүд тоглохоор зүг бүр таран гүйлдэнэ. Зарим нь танихгүй хүн хармагцаа харц нь дальдарч, багш руугаа гүйхэд, зарим нь хэн нэгнийг хүлээсэн харцаар өөдөөс ширтэнэ. Савлуур дээр очоод толгой гудайлган ээжийн тухай дуу дуулах охин, харуул өвгөн дээр “Өвөө” хэмээн гүйн очих гуравхан настай хүү, багшийгаа машин асааж хөдлөхөд “Багшаа намайг аваад яваач” хэмээн араас нь гүйх бяцхан хүү бүгд л хэн нэгнийг үгүйлэн санаж буй нь илт. “Ид шидийн орон” олон мянган залуусын сайн дурын санаачилгаар бүтсэн. Биднийг очих үеэр Монгол цэргийн нэгдэл болон “Сinderella” арьс гоо заслын эмнэлгийн хамт олон тус төвийн гадна талбай, замыг засаж, өгч байв. Энэ талаар Монгол цэргийн зөвлөлийн гишүүн Б.Өсөхбаяр “Бид хилийн 0306 ангид алба хаасан. Цэргийн алба хаах хугацаандаа бид нийгмийн сайн сайхан үйлсэд хувь нэмэр оруулах санаачилга гаргаж “Монгол цэргийн зөвлөл”-ийг байгуулсан. 2019 оны аравдугаар сард халагдаж ирснээсээ хойш бид сайн  дурын ажил зохион байгуулж, гурав дахь удаагийн үйл ажиллагаандаа оролцож байна. Бид нас биед хүрсэн, цэрэг татагдсан эрчүүд хэдий ч жилийн хугацаанд ээж, аав, гэр орноо санах тохиолдол бишгүй байсан. Тэгэхэд энд буй бяцхан хүүхдүүд түүнээс хэцүү байдаг болов уу. Иймд бид эдгээр бяцхан хүүхдэд жаахан ч гэсэн тусламж хүргэх хэрэгтэй гэж үзээд аянд нэгдсэн. Мөн олон залуусыг сайн үйлсийн аянд уриалмаар байна. Барилгын талбай дээр гараад хүрз бариад ажиллахад бэлэн ирсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байгаа нь ажиглагдлаа. Залуучуудын дуу хоолой, хүч хөдөлмөр хүрэх хүндээ хүрч чадахгүй байна” гэлээ. “Сinderella” арьс гоо заслын эмнэлгийн ажилтан “Манай эмнэлгийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд сайн  үйлсийн аянд нэгдэж, олон үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагаа. “Ид шидийн орон”-д Монголын ирээдүй болсон хүүхдүүд амьдарч байна. Ирээдүйн хамгийн том хөрөнгө оруулалт нь хүүхдийг дэмжих, хөгжүүлэх гэж бид харж байгаа. Иймд бид ирээдүйгээ сайн сайхан болгох үүднээс аянд нэгдэж, үйл ажиллагаанд оролцож байна. Ингэхдээ бид төслийн санхүүжилт болон өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа” хэмээн ярилаа. Харин “Ид шидийн орон 2” төсөл Баянзүрх дүүргийн XXIII хороонд хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сард хэрэгжиж эхэлсэн ч дээр дурдсанчлан тун удахгүй ашиглалтад орно. Монгол залуус нэгдэн  зургаан сарын хугацаанд “Ид шидийн орон”-ыг бүтээж байна.


Хүүхдийн ертөнцийн ид шид
2019-11-11 13:03:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0