Ням, 2024-09-08
Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
УИХ-аас коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дахь багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.
 
Нэгт, Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Үүнд нийт 547 тэрбум төгрөгийг зарцуулна. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй хүнд нөхцөлд байгаа учраас энэ мөнгийг олгож байна.
 
Хоёрт, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд сард 16 мянган төгрөг олгодог байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
 
Гуравт, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй, одой, өрх толгойлсон ээжүүд гээд бүгд 100 мянган төгрөг нэмж авна. Энэ нь мөн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл олгогдоно.
 
Дөрөвт, малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно гэв. Мэдээллийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын үеийн эдийн засгийн арга хэмжээ авах хуулиар эх үүсвэрийг нь давхар баталгаажуулах учиртай. Энэ жил Монгол Улсад залуучуудын ногоон наадам, токиогийн олимп, ерөнхий боловсролын сургуулиудын зардлаас, зарим өрүүдийг хойшлуулах хэлэлцээр хийсэн учраас төлөгдөх хүүгээс, төсөвт байгууллагуудаас хэмнэж болох зардлуудыг нэгтгэж, эх үүсвэрийг нь бүрдүүлж байгаа. Дээрх дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн” гэдгийг онцоллоо. 
 

Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо
2020-05-06 12:35:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ