ЭМЯ covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Энэхүү сэжигтэй тохиолдол нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдаад байгаа бөгөөд шинжилгээний сорьцийг өнөө өглөө ХӨСҮТ-д авч иржээ. Харин Тувагаас ирсэн есөн оюутны хариу сөрөг гарсан байна. Мөн Дархан-Уул аймаг болон ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторид 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Түүнчлэн тандалтын зорилгоор зургаан хүнд, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулаг боомтоос орж ирсэн 31 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд тус тус коронавирус илрээгүй байна.
Одоогоор ажиглалтад 1030 хүн байгаа бол ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 нь эмнэлгээс гарчээ.
Харин олон улсын хэмжээнд буюу тэр тусмаа ОХУ-д сүүлийн дөрвөн өдөр дараалан 10 мянган тохиолдол шинээр нэмэгдэж нийт тохиолдлын тоо 165 мянга, эндсэн хүний тоо 1537-д хүрчээ. ДЭМБ-аас өчигдөр /2020.05.06/ ээлжит хурлаа хийж, олон улс орнууд хөл хориог сулруулж байна. Ингэхдээ туйлын анхааралтай хандахгүй бол тун богино хугацааны дараа дахин хөл хориог мөрдүүлэх шаардлагатай болохыг анхааруулсан байна. тухайлбал, Иран улс хөл хорионы дэглэмээ сулруулснаар дахин халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрчээ.
Сэжигтэй нэг тохиолдол дахин бүртгэгджээ |
|