Маргааш /2020,05,15/-наас цаг агаарын аюултай үзэгдэл болох талаар дарга Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ-аас анхааруулж мэдээллээ. Тодруулбал, Хэнтий Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 секунд хүрч, хүчтэй салхи салхилж шороон шуурга шуурна. Мөн Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга, Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар, Дундговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр секунд хүртэл хүчтэй шороон шуурга шуурна. Энэ сарын 14-15-ны хооронд шилжих шөнө төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст, тэр дундаа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.
Энэхүү үзэгдэл 2008 оны тавдугаар сарын 26-27-нд болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй төстэй юм байна. Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 28, зарим үед 34 метр хүрч, Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурганы үзэгдэл, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдсан. Бусад Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байсан. Тухайн үед 52 хүний амь нас эрсдэж, 324 мянган орчим мал хорогдож, эрчим хүчний олон шонгууд унаж, 100 гаруй гэр байшингийн дээвэр нурсан. Хүний амь эрсэдсэн нь иргэдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас ихээхэн шалтгаалжээ. Ирэх өдрүүдийн үзэгдэл ч тухайн үеийнхтэй ижилхэн байх гэнэ. Зүүн гурван аймгийн нутгаар 16,17-нд үргэлжлэн хур тунадас орж хүчтэй салхи шороон шуурга шуурах юм байна. Иймээс энэ өдрүүдэд малаа холын бэлчээрт гаргахгүй байх, иргэд хол ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай зайлшгүй тохиолдолд хол замд гарч байгаа бол автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахуунаа нөөцлөх, дулаан хувцаслахыг анхааруулж байна.
Цаг агаарын аюулт үзэгдлээс болгоомжлоорой |
|