Лхагва, 2024-11-27
Дөрвөн хүнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 140 боллоо

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.018/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн хяналтын шат руу шилжжээ. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрсэн байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан цэргийн сургуулийн нэг оюутан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илэрчээ. Халдвартай иргэдийг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахаар ХӨСҮТ-ийн баг хөдөлсөн байна. Ингэснээр нийт Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 140 боллоо. Үүнээс 24 нь одоогоор эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн 1, дунд зэрэг 91, хүндэвтэр 24 хүн байна. Халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-д камер нэмж байрлуулжээ. Учир нь, үйлчлэгч, асрагч нар хувцсаа тайлж, өмсөхдөө халдвар авч байгаа дэлхийн жишээ байгаа учраас хувцас тайлж гарах хэсэгт камераа нэмсэн байна. Мөн мананцар үүсгэдэг кабин давхар захиалан хийлгэхээр болсон гэдгийг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Хилийн чанадад Монгол Улсын нэг иргэн Шведэд сэхээн амьдруулах тасагт, амьсгалын аппарат залгаатай, уушгины 80 гаруй хувь ажиллагаагүй болсон гэсэн мэдээлэл иржээ. 
Дэлхий дахинаа COVID-19 халдварын улмаас 44 мянган хүний биеийн байдал маш хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шинээр сүүлийн 24 цагийн хугацаанд 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Нас баралт ОХУ-д 1, Германд 4.5, Италид 15 хувьтай байна.Үүний зэрэгцээ гэр бүлийн гишүүдээ алдах, ажилгүй, орлогогүй болох зэргээс шалтгаалан  сэтгэцийн эмгэгийн асуудал дэлхий дахины хүн амын санааг зовоож эхэлсэн байна. Иймд ДЭМБ-аас стрессдэхгүй, тайван байхыг уриалж эхэлжээ. Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улс тэргүүлсээр байна. АНУ-д 1.1 сая гаруй хүн идэвхитэй халдвартай байгаа аж. БНСУ-д 6 тохиолдол шинээр нэмэгдэж нийт халдварын тоо 11065 болж, нас баралт нэгээр нэмэгдэж 263-д хүрсэн байна.  
 
 
 
 

Дөрвөн хүнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 140 боллоо
2020-05-18 11:38:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0