Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк шийдвэрлэсэн байна. Тодруулбал, уг хөтөлбөрийг УИХ-аас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар хэрэгжүүлэх гэж байна.
Өнөөдрөөс эхлэн энэ оныг дуусталх хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх аж. Ингэхдээ Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх, төвбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох мөн зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх, нийт эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох, үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгох юм байна. Монголбанкнаас ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Улаанбаатар хотын, Богд, Тээвэр хөгжлийн, Кредит, Ариг, Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой боллоо.
Өнөөдрөөс ипотекийн 8 хувийн зээл авах боломжтой боллоо |
|