Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр /2020.05.22/ хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр буюу цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдалтай энэ үед наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр зохион байгуулахаар боллоо. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахимаар наадамчин олонд хүргэхээр боллоо. Долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолд оролцох урлагийнхныг олноор нь төвлөрүүлэхгүй хэд, хэдэн газарт зэрэг тоглуулах аж. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно. Тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавих гэнэ.
Түүнчлэн бүс, даншиг наадам, бусад /төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байхаар тогтлоо. Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах, Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх. Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах. Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулахаар тогтжээ.
Үндэсний их баяр наадмыг "үзэгчгүй" зохион байгуулна |
|