Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг нь гардууллаа. Шагналыг НЗДТГын дарга Ц.Уртнасан, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулсан юм.Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байдлаар болон иргэдийн зүгээс хамгийн их санал авсанаар шалгаруулжээ. Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл, 20 сая төгрөгийн батламж гардлаа. Хоёрдугаар байранд “Монгол Архитектур” ХХК-ний бүтээл, гуравт “Маза Эм эй Зэйт Эй”-ийн бүтээл шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.
Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлана. “MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулагдсанаар төсөөлж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй байх. Нэг хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” гэв.
Урт цагаан шинэ өнгө төрхөөр "гоёно" |
|